Хадгалж үлдмээр нандин хувцасаа хайрын баярын бэлэг болгон хувиргасан нь :Завгүй ээж

Удахгүй хайрын баяр болох нь ээ. Монголчууд бид сүүлийн үед л энэ баярт ач холбогдол өгч, тэмдэглэх ёсонд суралцаж байгаа ч мэдээж завгүй ээжийн үеийнхэн бол нэг их таашааж үздэггүй. Гэхдээ завгүй ээж өөр өө! Хөдөлмөрч, бүтээлч байдаг шигээ сэтгэлгээ нь үнэхээр залуу. Хэдэн оны ч билээ хайрын баяраар өвгөнийхөө цамцыг зүрхэн хэлбэртэй даавуугаар нөхөж өгөөд гэрээрээ нэг инээдэм болсон гэдэг.

Энэ жил ч бас зүрхнээс холуур өнгөрсөнгүй. Хүүхэд, дүү нар нь дамжуулан өмсөж ирсэн ч бараг л элэгдээгүй, чанар гэж чанар байх хуучин цагийн улаан шуб тэднийд бий. Хаяхад хайран боловч хадгалаад байхад бас хэцүүхэн… Харин завгүй ээж маань түүнийг эвтэйхэн эсгээд гал улаан хайрын бэлгэдэг болсон зүрхэн хэлбэртэй дэр хийчихжээ. Одоо энэ нандин дурсамжийн дурдатгал болсон улаан шубыг үүрд гэртээ үлдээж болохоор боллоо. Та нарт ч бас ийм шийдвэр гаргахад хэцүүхэн хувцаснууд байдаг бол шинэ санааг авсан байх гэж найдаж байна.

Ойрд завгүй ээж цагаан сарын бэлгүүдээ урлахаас гадна эсгий урлалын сургалтад суугаад тун ч завгүй байгаа. Энэ тухай дараагийн дугаартаа дэлгэрэнгүй үзүүлье. Харин эсгий ашиглаад урагдсан ноосон хувцсаа нөхөж болдог тухай хэлэхгүй байж чадсангүй. Ингэж нөхөхөд ноос бас шивүүрийн зүү байхад л болдог.

Завгүй ээж маань хонины цагаан ноосны жаахан үлдэгдэл байсныгаа ашиглан ноолууран өмд болон оймсны цоорсон өсгийг нөхсөн. Цоорхой хэсэгт ноосоо байрлуулаад, зүүгээр шивэхдээ доод талд нь парлон тавьж шивнэ.

Адилхан өнгөтэй ноосоор нөхөж болно. Хэрвээ өөр өнгөтэй байх юм бол түүгээрээ хөөрхөн дүрс гаргаж шивэх арга бас байна. Хүүхдийн өмд тул завгүй ээж маань туулайны дүрс гарган нөхсөн билээ.

Харин цагаан оймсыг бол элдэв янзын дүрс гаргалгүй тэр чигт нь нөхсөн байна.

Танд шинэ мэдлэг олгож чадсан гэж найдаж байна. Дараагийн дугаарт завгүй ээжийн хийсгэн эсгий урлалыг танилцуулъя.

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ