10 хүрэхээс нь өмнө хүүхэддээ зааж өгөх 10 чухал зүйл

Ээж болсон л бол бүсгүй та зогсолтгүй тэднийхээ ирээдүйн төлөө санаа зовниж эхэлсэн байгаа. Үр минь сайн хүн болоосой, сайхан зөв бодолтой байгаасай, ухаантай, амжилттай яваасай гээд л… Энэ бүхэн нэг л өдөр бүтчих ид шидийн зүйл биш. Тиймээс бага наснаас нь зааж сургасан бүхэн сайн хүн болох үндэс суурь болдог гэдгийг бүү мартаарай.

Монгол хатад сайт та бүхэндээ хүүхдээ 10 хүрэхээс нь өмнө зааж ойлгуулсан байх хэрэгтэй 10 чухал зүйлийн талаар хувцаалдах гэж байна.

10. Хүү ч бай охин ч бай тэднийг ижилхэн хүндлэх хэрэгтэй.

Учир нь тэд ижилхэн л хүн. Эмэгтэй хүүхдийг битгий… гэж ярих нь эрэгтэй хүүхдийг болно гэсэн давхар буруу ойлголтыг төрүүлж байдаг. Хүн гэдэг утгаар нь бусдыг ижил тэгш, эрх тэгш хайрлаж сурахыг хүүхэддээ зааж өгөөрэй. Баян, ядуу, муу сурдаг, онц сурдаг, өвчтэй, эрүүл, тахир дутуу гээд л хэн байсан ижилхэн хүн шүү дээ.

9. Алдаа хийхээсээ хэзээ ч битгий айгаарай.

Хэн нэгний алдаанаас суралцах нь ховор чадвар л даа. Тиймээс өөрийнхөө алдаанаас суралцах боломжийг хүүхэддээ олгоорой. Тэднийг ямар нэг бяцхан алдаа гаргах бүрт нь загнаад байж болохгүй. Тэд ч алдаа гаргахаасаа огт айх ёсгүй.

8. Мэдлэг бол дүнгээс илүү чухал зүйл

Зарим эцэг эхчүүд өөрсдийн хүссэн шиг дүн аваагүй байна гэж хүүхэддээ урам хугарах үе байдаг. Гэхдээ бүх сайн дүн сайн мэдлэгийн илэрхийлэл болж чаддаг уу? гэвэл үгүй шүү дээ. Тиймээс мэдлэгтэй байх нь сайн дүн авахаас илүү гэдгийг л сайн ойлгуулаарай.

7. Эцэг эх бол арван таван толгойтой атгаалжин хар мангас биш. Харин чамд туслах баатрууд.

Үр хүүхдийнхээ сайн найз нөхөр болно гэдэг ээж аавуудад амаргүй зүйл шиг санагдана. Ялангуяа тэдэнд нууцаа хуваалцдаг өөрийн гэсэн сайн найзуул аль хэдийнээ байдаг болсон бол… Гэхдээ ингэлээ гээд бууж өгөх, тэднийг зөнд нь орхих хэрэггүй. Харин ч чиний итгэлийг дааж, хамтдаа бүхнийг хуваалцаж, бас зөвлөж чадах хүн гэдгийг харуулаарай.

6. Өөрийнхөө талд үргэлж бат зогсож бай.

Зарим эцэг эхчүүд багшийн талд болон бусад хүмүүсийн талд хүүхдээсээ ч илүү бат зогсдог. Мэдээж бусдыг хүндлэх нь зөв ч үргэлж өөрийгөө буруутгаад байвал ирээдүйд өөртөө итгэлгүй хүн болох болно. Тиймээс хэн нэгний үзэл бодол бусдынхтай заавал адил байх ёсгүйг ойлгуулж, өөртөө итгэлтэй байхыг зааж өгөөрэй.

5. Хүсэхгүй байгаа зүйлээ хэн нэгний хүчинд автаж бүү хий.

Зарим хүүхдүүд найз нөхдөө хамгийн чухалд тооцож, тэдний нэг байхгүй л бол болохгүй гэж боддог. Хэдийгээр өөрт буруу гэж санагдан, хийхийг хүсэхгүй байгаа ч найз нөхөд ятгах тусам дуурайж орхидог. Харин ээж, аав та энийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Хэрвээ чи буруу гэж бодож л байгаа бол заавал бусдын ятгалгаар хийх албагүй. Өөрийнхөө мэдэрч, мэдэж байгаа зүйлдээ илүү их итгэх хэрэгтэйг ойлгуулж өгөөрэй.

4. Хэрвээ чи ойлгохгүй л байгаа бол ичиж зоволгүй АСУУ.

Ойлгохгүй байгаа зүйлээ асуух нь энгийн л үзэгдэл. Ялангуяа хүүхэд нас бол бүгдийг сонирхож, бүхний хариултыг мэдэхийг хүсдэг нас. Энэ үедээ л бусдаас санаа зовон ичих ёсгүй. Асуувал нэг өдрийн ичиг, асуухгүй бол мянган өдрийн ичиг гэдэг шүү дээ.

3. Хэрвээ чамд таагүй байгаа бол багшдаа шууд хэл.

Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйл. Эрүүл мэндийг багшийн уур уцаараас, эсвэл муу дүнгээс доогуур тавих ямар ч хэрэггүй. Хэрэв биед жаахан л тавгүй, эвгүй хэцүү санагдаж байгаа бол нуулгүй шууд багшдаа хэлдэг байхыг хүүхэддээ сургаарай.

2. Байгаль орчноо хайрла.

Бид нар хэр удаан хогтой орчин, хөглөрсөн ор дэвсгэрийн талаар шүүмжилж, бухимдаж явах юм бэ? Эцэстээ энэ бүхэн байгаль орчноо хайрлахаас л эхэлнэ шүү дээ. Өөрөө эхлээд энэ ухамсрыг өөртөө төлөвшүүл. Дараа нь хүүхэд тань аяндаа байгаль орчноо хайрлаж эхлэх болно. Сүүлийн жилүүдэд төрсөн хүүхдүүд та биднээс ч илүү байгаль дэлхийгээ хайрлах ухамсартайгаар төрж байгаа. Тиймээс улам дэмжээд, ойлгуулаад өгөөрэй.

1. “ҮГҮЙ” гэж хэлж сурах хэрэгтэй.

Багшдаа, найз нөхөддөө, зарим үед өөртөө ч “ҮГҮЙ” гэж хэлж сурах хэрэгтэй гэдгийг хүүхэддээ зааж өгөх нь чухал. Үгүй гэж хэлэх чадвар нь том хүн болон хүмүүжихэд маш чухал нөлөөтэй. Хэн нэгнээс хараад бус, өөрийн гэсэн бодолтой, хүчтэй орон зайг эзлэгч нэгэн болж өсөхөд туслах болно.

Ээжүүд та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдөр таны ойлгуулж, сургасан бүхэн ирээдүйд үр хүүхэддээ хэр их санаа зовох шалтгааны хэмжүүр болно шүү.

Эх сурвалж: Brightside.

Орчуулсан: Б.Ганчимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ