Үсний шампуний ухаалаг 10 хэрэглээ

Цэвэрхэн, гялалзсан, эрүүл үстэй байхын тулд бидний байнга хэрэглэдэг нэг зүйл бол үсний шампунь. Та биднийг эрүүл, гялалзсан үсээрээ гоёход тусалдаг шампунь хэмээгч зүйлийг зөвхөн үс угаахад хэрэглэдэг гэж бодвол эндүүрэл аж. Хүн бүрийн үсний онцлогт зориулагдан олон янзын найрлага, бүтэцтэйгээр хийгддэг энэхүү бүтээгдэхүүнийг дараах 10 арга хэлбэрээр ухаалгаар ашиглах боломжтой юм байна.

• Толбо арилгах: Хивсний толбыг багахан шампунь, ус ашиглан сойздоод арилгах нь хүчтэй цэвэрлэгч бодистой харьцуулахад хивсэнд сөргөөр нөлөөлөх нөлөө бараг байхгүйгээрээ давуу талтай. Түүнчлэн хүүхдийн өрөөний хивс цэвэрлэгээнд тун ч тохиромжтой.

• Будгийн багс цэвэрлэх: Будгийн багснуудаа ангижруулагчгүй шампуниар цэвэрлэ. Шампуниар зүгээр л үрж цэвэрлэхэд багсанд наалдсан будаг маш сайн цэвэрлэгдэнэ. Харин ангижруулагчтай шампунь багсны үсийг хэт зөөлрүүлж, дараагийн удаа хэрэглэхэд төвөгтэй болгож мэднэ.

• Нүдний шилийг цантахаас сэргийлэх: Усанд шумбахад хэрэглэдэг нүдний шилийг цантахаас хамгаалахын тулд дотор талд нь шампунь түрхээд бага зэрэг үрж түрхсэний дараа арчиж ав.

• Эрэг боолт суллах: Модон эдлэлд гацаж зуурсан эрэг боолтыг суллахдаа шампунийг чийгшүүлэгч болгон ашигла.

• Шархны туузыг өвтгөж хорсгохгүйгээр авах: Даавуун шархны тууз нь арьсанд наалдаж, хуулах үед арьсыг улайлгаж хорсгон өвтгөдөг талтай. Энэ тохиолдолд шампунь түрхэж хэсэг байлгаад хуулахад дээрх асуудал тулгарахгүй.

• Нүүрний будаг арилгах: Хүүхдийн нүд хорсгодоггүй шампуниар нүд болон нүүрний будгаа арилга. Хүүхдийн шампуний зөөлөн бүтэц таны нүүрний арьсыг гэмтээхгүй.

• Зах ханцуйн шарласан хэсгийг арилгах: Зах ханцуйн шарласан хэсэгт шампунь түрхэж угаах нь маш үр дүнтэй төдийгүй цайруулагчаар хувцсыг гэмтээхээс сэргийлнэ.

• Хром болон мөнгийг өнгөлөх: Шампунийг хүнсний содтой холиод хромон болон мөнгөн эдлэлийг цэвэрлэх нь химийн хүчтэй цэвэрлэгчнээс хамаагүй зөөлөн цэвэрлэгч болно.

• Өөх тосыг арилгах: Галын өрөөний чинь хана хоол хуурч шарах үед үсэрсэн тоснуудад бохирдчихсон уу? Тэгвэл шампунь ашиглаад үз. Тосыг сайн арилгаад зогсохгүй дараагийн удаа цэвэрлэхэд илүү хялбар байх болно.

• Нүүр цэвэрлэгч: Шампунийг нүүр цэвэрлэгч болгон хэрэглэх нь арьсыг сайн цэвэрлээд зогсохгүй хуурайшсан арьсанд сайн чийгшүүлэгч болдог. Мөн шүршүүрт орох үедээ шампуниар нүүрээ цэвэрлэх нь цагийг ч хэмнэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ