Үргүйдэл ба түүний шалтгаан, оношилгоо, эмчилгээ

Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэнэ. Үргүйдэл нь эмэгтэйгээс 60-70%, эрэгтэйгээс 30% хамаарна. Эрэгтэй, эмэгтэй хоёроос шалтгаантай жирэмслэхгүй байх тохиолдол 10% байна.

Ангилал:

Эмэгтэйн үргүйдлийг туйлын ба харьцангүй гэж ангилна.

  • Эмэгтэйд үр хөврөл бүрэлдэн тогтох ямарч боломжгүй байхыг туйлын үргүйдэл гэнэ. \умай,өндгөвч байхгүй байх\
  • Үргүйдэлд хүргэж байгаа шалтгааныг оношлон эмчилсэний дараа үр хөврөл тогтох чадвартай болохыг харьцангүй үргүйдэл гэнэ.
  • Мөн үргүйдлийг анхдагч ба хоёрдогч гэж ангилна.

-Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд огт жирэмслэхгүй байхыг анхдагч үргүйдэл гэнэ.

-Эмэгтэй өмнө нь жирэмсэлж байсан ба дахин жирэмслэхгүй байхыг хоёрдогч үргүйдэл гэнэ.

Эмэгтэйчүүдийн үргүйдлийг шалтгаан, эмгэг жамын хамаарлаар дараахь үндсэн хэлбэрүүдэд ангилна.

  • Умайн гуурсан хоолойн шалтгаант \20-30%\
  • Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн шалтгаант \40-50%\
  • Эмэгтэйн бэлэг эрхтэний бүтцийн өөрчлөлтөөс үүссэн \10%\
  • Дархлааны гаралтай үргүйдэл \умайн хүзүүний салстад эр бэлгийн эсрэг эсрэг бие үүсч дархлалын урвал явагдаж цааш эр бэлгийн эс нэвтэрч чадахгүй байх\

Дээрх хэлбэрүүдэд хамаарахгүй шалтгаан тодорхойгүй тохиолдол 8 % эзэлдэг.

Шалтгаан:

  • Бэлэг эрхтэний архаг үрэвсэлт өвчнүүд \наалдац бүхий\
  • Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг \таргалалт,бамбайн эмгэгүүд\
  • Бэлэг эрхтний дутмаг хөгжил \умай,өндгөвч байхгүй\
  • Бэлэг эрхтний гаж хөгжил, буруу байршил
  • Бэлэг эрхтэний хавдрууд \умайн хавдар,өндгөвчийн хавдар, уйланхай\
  • Эндометриоз
  • Бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүд \сүрьеэ гэх мэт\
  • Мэдрэл сэтгэхүйн хямрал
  • Гиперпролактинэми буюу хөх сүүжих
  • Сарын тэмдэг маш бага ирдэг эсвэл огт ирдэггүй байх

Судалгаанаас харахад нэг шалтгаант үргүйдэл 30 хувь ба үрүйдлийн 50 хувь нь 3-4 хавсарсан шалтгаантай байна.

Оношлогоо:

Үргүйдэлтэй эмэгтэйг оношлохын тулд цогц шинжилгээ хийх шаардлагатай.

Үүнд:

  • Эмэгтэйчүүдийн үзлэг
  • Өндгөвчийн үйл ажиллагааг биений юмны 2-3 мөчлөгийн турш тодорхойлно.
  • Гистеросалпьпингографи буюу умай үрийн хоолой шалгах \ бэлтгэл эмчилгээ хийсний дараа сарын тэмдгийн мөчлөгийн 6-9 дэх хоногуудад\
  • Спермографи буюу үрийн шингэний шинжилгээ \ эр бэлгийн эсийн тоо, хэлбэр, хөдөлгөөнийг тодорхойлох\
  • Тархины зураг авах
  • Эмэгтэйн бэлгийн дааврууд шинжлэх
  • Лапароскопи буюу оношлогооны дурангийн мэс

Умайн гуурсан хоолой ба хэвлийн гялтангийн гаралтай үргүйдэл

Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолдох үргүйдлийн нэг нь хэвлийн дангаараа болон умайн гуурсан хоолойтой хавсарсан наалдац бүхий өөрчлөлт юм.

Нийт үргүйдлийн 30 % эзэлнэ. Энэ хэлбэрийн үргүйдлийн үндсэн шалтгаан нь үрэвсэл, эндометроиз, хэвлий, бага аарцагийн зарим мэс заслын дараа гэх мэтээс шалтгаалсан наалдац сорвижилт өөрчлөлт юм.

Умайн үр дамжуулах хоолойн нь эмэгтэй хүнд үр тогтох жирэмслэхэд эр бэлгийн эсийг зөөх, үр тогтсон өндгөн эсийг умайд хүргэх үүрэгтэй. Энэ хэлбэрийн үед хийгдэх гол оношлогоо эмчилгээний арга нь дурангийн мэс засал юм. Дурангийн мэс заслаар бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн байдал наалдац өөрчлөлт тогтоохын зэрэгцээ үрийн хоолойн битүүрэл байгаа эсэх түүнийг сэргээх мэс засал хийж болдог.

Дотоод шүүрлийн хямрал, дааврын өөрчлөлтөөс үүсэх үргүйдэл

Энэ хэлбэрийн үргүйдэл нийт үргүйдлийн дотор 40 % эзэлнэ. Үр гадагшлах үйл явцын өөрчлөлттэй бүх үргүйдэл үүнд хамаарна. Өндгөвчинд өндгөн эс гүйцэт боловсорч гадагшлахгүй байхыг үр гадагшлахгүй байх гэнэ. Сар бүр эмэгтэйн өндгөвчний аль нэгэнд сарын тэмдгийн дунд үед давамгайлсан уйланхай үүсч тэр нь тодорхой хэмжээнд дунджаар 2 см хүрээд хагарч өндгөн эс хэвлийн хөндийд унана.

Умайн үрийн хоолойн үзүүрт байрлах салбан хэсэг өндгөн эсийг барин үрийн хоолойд орсноор тэнд эр бэлгийн эстэй үр тогтон цаашид умайд шилжин хөгждөг байна.

Шалтгаан:

-Сэтгэл санааны хэт цочрол

-Мэдрэл-халдвар хордлого

-Тархины гэмтэл зэргээс бэлгийн дааврыг зохицуулаг алдагдах

Архаг ановуляци буюу өндгөн эс боловсрохгүй байх нь дотоод шүүрлийн хямрал,дааврын өөрчлөлтөөс үүсэх үргүйдэлийн 80% эзэлнэ. Үүнийг оношлох аргуудад:

-Шулуун гэдэсний халуун хэмжих \ нэг хэвийн байх \

-Дурангийн мэс засал \ өндгөвчний гадаад байдлыг тодруулж харах \

-Дааврын шинжилгээ хийх \ сарын тэмдгийн мөчлөгийн 3-5 дахь хоногт \

-Эход \сарын тэмдгийн мөчлөгийн 12,13 дахь өдрүүдэд\ өндгөвчинд үүсэх давамгайлсан фолликул тодорхойлох

Эмэгтэйн үргүйдэлд дээрх эмгэгүүдээс гадна тухайн эмэгтэйн амьдрал, ажлын нөхцөл, архи тамхины хэрэглээ нөлөө үзүүлдэг байна.

Эндометриоз

Эндометриоз нв эмэгтэйчүүдийн өвчнүүдийн дотор өргөн тархалттай тохиолддог даавар хамааралт, үрэвслийн бус өвчин юм.

Умайн хамгийн дотор давхарга болох эндометр умайгаас өөр газар шилжин байршихыг эндометриоз гэдэг. Эндотемр төст эдүүд нь өндгөвч, үрийн хоолой, умайн холбоос, хэвлийн дотор хана, давсаг, гэдэс, сэмж гэх мэт эд, эрхтэнүүдэд байршиж, сарын тэмдэг ирэх мөчлөг бүрт мөн адтл ховхрон цус шүүрүүлж, тухайн хэсэг газартаа наалдац үүсгэж эхэлдэг. Иймээс эндометриоз нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн томоохон шалтгаан болдог юм.

Шалтгаан: Одоогоор энэхүү эмгэгийн шалтгаан, эмгэгжамыг бүрэн тогтоогоогүй хэдий ч хамгийн боломжит онол нь сарын тэмдэг ирэх үед цус эндометрийн эсүүдтэй хамт умайн хөндийгөөс үрийн хоолойгоор дамжин хэвлийн хөндийд хаягдаж байна гэсэн таамаглал юм. Мөн үүнээс гадна дархлалын, дааврын, мэс заслын, генетикийн гэх мэт олон оно, таамаглалууд бий.

Шинж тэмдэг: Эндометриозын үед илрэх гол шинж тэмдэг нь сарын тэмдэгийн үеийн өвдөлт болон үргүйдэл юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэхээс 1-2 өдрийн өмнөөс эхэлж, ирсэн эхний хоногуудад намдах, сарын тэмдэг ирэхээс өмнө болон дараа нь хүрэн шоколадан ялгадас гарах, зарим үед сарын тэмдэгийн мөчлөг алдагдах гэх мэт шинжүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед огт зовиургүй байж ч болно. Судалгаанаас үзэхэд эндометриозтой эмэгтэйчүүдийн 50-60%-д үргүйдэл дагалддаг байна.

Хэрхэн оношлуулах вэ?

Эндометр төст эдүүд өндгөвчинд байршсан тохиолдолд ихэвчлэн уйланхай үүсгэдэг тул хэт авиан шинжилгээгээр оношлогддог_ Мөн умайн булчинт давхаргад байршсан үед аденомиоз хэмээх эмгэгийг үүсгэдэг бөгөөд энэ хэлбэрийн үед хэт авиа болон тодосгогс бодистой рентген зураг авхуулж онош тодруулна. Харин бусад байршилтай үед хэт авиа болон рентгенд харагдах боломжгүй байдаг тул онош тодорхойлох үндсэн арга нь хэвлийн дурангийн мэс засал болдог.

Эмчилгээ: Эндометриозын эмчилгээ нь дааврын болон мэс заслын эмчилгээ гэсэн 2 хэлбэртэй. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон байршлаас хамаарахгүйгээр эхлээд дурангийн мэс заслын эмчилгээ хийж голомтуудыг арилгах, дараа нь эргэж үүсэхээс сэргийлэх зорилгоор дааврын эмчилгээ хийх нь үр дүн сайтай хамгийн зөв эмчилгээ болдог. Учир нь эндометриозын голомтуудыг мэс заслаар авалгүйгээр зөвхөн визанне гэх мэт эмүүдийг дангаар хэрэглэн цаг алдах, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй тохиолддог. Мөн мэс заслын эмчилгээ хийлгэхдээ дурангийн мэс заслыг сонгох нь өвчин дахихаас болон наалдац үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг анхаарах нь зүйтэй.

Үргүйдлийн үед хийгдэх шинжилгээнүүд

1. Гормоны шинжилгээ

  • Сарын тэмдгийн 2-4 дэх хоногт цусаар шинжилгээ авч хийгддэг. Энэ шинжилгээгээр өндгөвчний үйл ажиллагааг шалгадаг.

2. Үрийн хоолойг тодосгогч бодисын тусламжтайгаар рентгенд харах (HSG)

  • Сарын тэмдгийн 7-11 дэх хоногт хийгддэг. Энэ шинжилгээгээр умай болон үрийн хоолойн эмгэгийг илрүүлдэг.

3. Үтрээний ЭХО

  • Умайн эндометриозын хөвсийлт болон өндгөн эсийн боловсролтыг хянадаг.

4. Эр эсийн шинжилгээ

  • Эрэгтэй нь 2-3 хоног бэлгийн харьцаанд ороогүй, архи тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Энэ шинжилгээгээр эр эсийн хөдөлгөөн, хэмжээ, бүтцийг оношлодог.

IUI ажилбарыг:

  • Өндгөн эсийн боловсролтын хямрал
  • Умайн хүзүүний салиа багасах
  • Эр эсийн тоо цөөн, идэвхгүй
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдлийн үед хийдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ