Эрүүл, органик хүнсээ хэрэглэцгээе: Завгүй ээж

Завгүй ээж маань мэдээж үргэлж завгүй байдаг. Гэхдээ шинэ он гаргаад бүр ч их завгүй байсан нь хэд хэдэн номын хянагчаар ажилласантай холбоотой. “Даавуун урлал” хэмээх зүймэл урлалын анхны гарын авлага гарсныг манай сайт өмнө нь мэдээлэж байсан. Тэгвэл энэ номын хариуцлагатай редактороор Завгүй ээж ажилласан билээ. Мөн удахгүй хэвлэгдэн гарах “Маргад эрдэнийн хотхон” хэмээх хүүхдийн номын хянагчаар ажиллаж, хэдэн зуун хуудастай ном уншиж дуусгасныг бодохоор завгүй ээжийгээ супер ээж гээд нэрлэчихмээр санагдана.

Өнөөдрийн дугаарт завгүй ээж та нарт эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө өгөхийг хүссэн. Учир нь юу гэвэл бид бэлэнчлэх сэтгэлгээнээсээ болоод байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ бус химийн найрлагатай хоронд мөнгө зарцуулж байгаагаа огт анзаардаггүй. Өөрсдийн минь мал ахуйгаас гардаг ШАР ТОС байсаар байтал траншейны нүхнээс гаргаж хийдэг ургамлын тосыг худалдаж авна. Бөөн коллегин агуулсан АДУУНЫ МАХ маань байсаар байтал капсул шахаж, химийн бодисоор хэлбэрт оруулсан бэлдмэл авч уух жишээтэй. Гэтэл хятадууд нь монголоос шар тос захиж, япончууд адууны махыг хэдэн мянган кг-аар нь зөөж байна. Энэ зөв гэж үү?

Завгүй ээж маань идэш бэлтгэхдээ адууны мах авсан. Махаа чанаад идэхэд тос нь их сайхан гардаг. Үүнийг царцаагаад хураагаад байх хэрэгтэй юм. Өөхөн тосоор боорцог хийж иддэгтэй адил энэ тосоо ашиглаад бин, боорцог юу л бол юу хийнэ. Ургамлын тосны оронд хоолоо ч хуурчихна. Тэгвэл энэ ямар давуу талтай юм бэ? гэж бодож байна уу?

Нэгдүгээрт, адууны тос царцдаггүй. Тиймээс адууны тосоор хайрсан хуушуур, пирошки зэрэг хоолыг хүйтний улиралд явган аялалд явахдаа аваад явж болно. Хэзээ ч гаргаад идсэн царцсан тос амтагдахгүй тул маш тохиромжтой, амттай хүнс болдог.

Хоёрдугаарт, ямар ч химийн найрлагагүй хамгийн эрүүл тос болдог. Үүгээр бин хайрахад маш амттай. Давс, элсэн чихэр элдэв зүйл холихгүй тул ямар ч хоол, ямар ч хольцтой хольж идэж болно. Зөөхий, чанамал, цөцгий… ногоотой шөл, бүр юутай ч хольж болно.

Бингээ нимгэхэн элдэж бэлдэнэ. Дунд нь 2 зүсч тосонд шарахад тохиромжтой болгоно.

Нимгэхэн тул маш амархан болно. Тосыг нь сайхан шүүгээд идэхэд бэлэн.

Боорцог хийхээр гурил нь зузаан ч юм шиг хааяа цамаан загнаад идмээргүй санагдах үе байдаг шүү. 🙂  Харин энэ бинг хийж идвэл ёстой идээд л баймаар санагдаад, өөрийгөө ч барьж дийлэхгүй хөргөгч рүү гар явж байх нь бий. Шарсан өндөг, шарсан мах, бага зэргийн шөлтэй хууран ногоотой хуурга гээд л… Бүх зүйлтэй хольж идэхэд үнэхээр амттай шүү.

За тэгээд адууны махтай, аарцтай гурилтай шөлийг завгүй ээж дараа нь санал болгоно. Өвлийн цагт ханиад томуунаас сэргийлэх сайхан хоол болдог. Хааяа шөлнөөс уйдвал цуйван хийж идээд араас нь адууны махны шөлөнд буцалгасан аарц уусан ч сайхан шүү дээ. Хамгийн сайхан эрүүл, органик хүнстэй МОНГОЛ оронд амьдарч байж гаднаас оруулж ирсэн хугацаа нь дууссан, химийн найрлагатай хор авч идэхээ больцгооё гэж уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ