Энхсаруул: Хүн гуйж дээл оёулахааргүй боллоо гэсэн аавын минь үг л намайг өдий зэрэгт хүргэсэн

 Хаа байсан холоос үйлчлүүлэгчид нь хэрэг болгон зорьж очдог, уран гартай, удам дамжсан нэгэн уран бүсгүйг анхныхаа дугаараар та бүхэндээ танилцуулах гэж байна.

Сэтгүүлч миний бие баярынхаа дээлийг энэ бүсгүйгээр урлуулж, ур хийцийг нь бахадсан учраас түүний тухай илт сонирхон, дараах яриаг дэлгэсэн билээ.

Сайн байна уу? Та “Монгол хатад” сайтын уншигч бүсгүйчүүдэд өөрийгөө танилцуулаач?

Намайг Цэдэн-Ишийн Энхсаруул гэдэг. Оёдол эсгүүрчин мэргэжилтэй.

Та бусад нэр хүнд өндөртэй салонуудыг бодвол харьцангуй хямд үнээр захиалга авдаг хэрнээ тэдгээр салоноос ч илүү ур хийцтэй, маш гоё дээл урлаж байгаа тань бидний анхаарлыг татсан юм. Яаж ийм хэмжээнд мэргэшиж чадсан юм бэ?

Миний ээж, эмээ нар их сайхан оёж, хатгадаг хүмүүс байсан. Нагац эгч нар маань ч бүгд их сайхан оёно. Тийм болохоор удам дамжсан ур ухаан гэж боддог юм. Би багадаа оёдол эсгүүрийг их сонирхдог хүүхэд байсан. Яаж оёсон юм бол гэж? бодож, ойлгохгүй үедээ оёдлыг нь задлаж, үзэж байгаад учрыг нь олдог байсан. \инээв\

Тэгвэл багаасаа л дур сонирхлоо дагасан юм байна шүү дээ. Мэдээж гэрийнхэн дэмжсэн биз дээ?

Намайг бага байхад хүмүүс голдоггүй байжээ. Анх 7 дугаар ангид байхдаа аавд дээл оёж өгсөн юм. Энгэргүй дээл эсгэчихээд тэрүүхэндээ онгирох маягтай “Үгүй, энэ хүмүүс чинь 4 метр торго хүрдэггүй гээд байсан, зөндөө л материал илүү гарлаа шүү дээ” гэх маягийн юм яриад явж байлаа. Тэр үед надад хамгийн их урам өгч, дэмжсэн хүн бол миний аав. “Хүн гуйж дээл оёулахаа больчихлоо. Охин минь оёдог болжээ” гэж хэлсэн нь миний хувьд маш том урамшуулал байсан даа. Тиймээс ямар ч даавуу эвдэж, сүйтгэж байсан зэмлэдэггүй байсан. 10 төгсөөд аавын эргэн тойрны улсууд намайг голохгүй оёж, шидэх бүх зүйлээ хийлгэдэг болсон байж билээ.

Маш эрт эхэлжээ. Хэдийд тэгээд өөрийнхөө салоныг нээсэн юм бэ?

Би уг нь Төв аймгийн мөнгөр морьт сумын уугуул. Дараа нь Багануурт шилжиж мэргэжлээрээ ажилласан. Яваандаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажлаасаа гараад хувийн салоноо байгуулсан. Анх мэдээж амаргүй байсан л даа. Эхний ээлжинд хуучин хэрээсний машин худалдаж аваад, өөрт байсан гар машиндаа пидал залгаад хоёр машинтай болмогцоо, Багануурын нэг байранд шийдний өрөө түрээслээд л эхлэж байлаа.

Хүмүүс танаар хувцас оёулахаар хотоос хэрэг болгон Багануур очдог байсныг мэдэх юм. Энэ таны чадварыг батлаад өгөх шиг санагдсан л даа. Хотод нүүж ирсэн нь үүнтэй холбоотой юу?

Би сэтгэлдээ нэг мөрөөдөл тээж явдаг юм. Боломж минь хүрвэл цаашдаа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг оёдол, эсгүүрт сургаж, ажлын байраар хангаж, амьдралд нь нэмэр болчих юмсан гэсэн хүсэл байна. Гэхдээ ингээд бодоод л суугаад байх биш өөрөө ядаж эхлээд хотод суурьшиж, хотын хүн болох ёстой гэж бодоод хоёр машинаа чирээд л нүүгээд ирсэн. Байнгын үйлчлүүлэгч нарынхаа буянаар нэг ч өдөр завтай суусангүй. Энэ эрчээрээ мөрөөдлөө биелүүлж чадна байх аа.

Байнгын үйлчлүүлэгчдийг яаж бий болгодог юм бол?

Хүн ер нь бол эхлээд нэг үйлчлүүлнэ. Тэгээд өөрийнх нь биед эвтэйхэн, бас өөрийг нь сайхан харагдуулах хувцсыг урлаж чадсан бол ахиад заавал ирдэг. Би өөрийгөө их азтайд тооцдог. Хаа байсан Франц, Белги, Америкаас захиалах хүмүүс байхад Хөвсгөлөөс хэрэг болгоод ирэх хүн ч байх юм. Хил хязгаар гэж байхгүй үйлчлүүлэгчидтэй болохоор сэтгэл хангалуун байдаг.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Одоо зав зай гарвал спортоор хичээллэхийг хичээдэг. Багадаа зааланд их тоглодог хөнгөнөөр ч хичээллэдэг байсан. Гэхдээ л сонирхол маань ажил болчихсон учраас чөлөөт цагаараа ч гэртээ очоод зүү ороогоод суух жишээний л байдаг даа.

Та наснаасаа их залуухан сайхан харагдах юм. Үүний нууц жор байна уу?

Яг үнэнийг хэлэхэд гоо сайхандаа үргэлж цаг гаргаж анхаарч байсангүй. Гэхдээ дуртай зүйлээ хийж, түүнээсээ урам зориг авч явдаг болохоор нөлөөлдөг юм болов уу? Ер нь өөрөөсөө залуу бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд залуугаасаа гоо сайхнаа хадгалж, арчилж байгаарай. Миний насан дээр ирчихээд харамсаж магадгүй шүү. \инээв\

Гэхдээ л та сайхан харагдаж байна аа. Таны хүүхдүүдээс оёж, урлах чадварыг тань өвлөхөөр хүн тодорч байна уу?

Би 3 хүүтэй. Том хүү маань СУИС-н уран зургийн ангид сурдаг. Бага нь 5 дугаар анги. Оёж, шидэх тал дээр одоохондоо мэдэгдэх юм алга. Харин гурвуулаа их сайхан зурдаг. Гэхдээ сонирхол байна уу? үгүй юу сайн мэдэхгүй байна.  Би багадаа хүүхдүүдийн зургийг зурж өгөөд 2 төгрөгний молоко шагналд нь авдаг их эд байсан. \инээв\ Ер нь хөвгүүд маань бага байхдаа элдэв тоглоомоор нэг их тоглохгүй. Харин гэр маань зургийн урлан шиг л хаа сайгүй зурсан, эрээчсэн зураг байдаг, их л замбараагүй байсан даа.

Их сайхан орчин байна шүү дээ. \инээв\ Ээжийн хөвгүүд бол дэлгүүрээс хувцас авна гэж байхгүй биз?

Тийм шүү. Хөвгүүдийнхээ хувцсыг хийгээд өгчихдөг. Өвлийн гадуур хүрмийг нь хүртэл өөрөө хийж өгнө. Өөр хэн ч өмсөхгүй, хорвоо дээр цор ганц ээжийнх нь оёсон хувцас гэж рекламдаад л өмсгөж орхино шүү дээ.

Азтай хөвгүүд байна. Тантай ярилцахад их сайхан байлаа. Уншигч бүсгүйчүүддээ хандаад юу гэж хэлэх вэ?

Тууштай л байж чадвал амжилтанд хүрнэ гэдгийг хэлмээр байна. Хүн өөрөө дур сонирхолтой зүйлдээ тууштай зүтгэх юм бол хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрнэ гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа, ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ