Т.Солонго: Та өөрөө ч бас 5 секундэд дүгнэгдэж байгаагаа хэзээ ч битгий март

Монголд анх удаа электрон хөрөг зургийн үзэсгэлэнг гаргасан, эрч хүч нь цаанаасаа л ундарч байдаг болов уу гэмээр нэгэн хөдөлмөрч бүсгүйтэй Монгол хатад сайт уулзлаа. Энэ эмэгтэй бол Solo’N’Go студийг санаачлагч, имиджмайкер, зурагчин Түмэннасан овогтой Солонго юм. Түүний студи нүүр будалт, зөв хувцаслах техникийн зөвлөгөө өгөөд зогсохгүй тусгайлан үйлчилгээ хийж тухайн нэг хүний нүүр будалт, үс засалт хувцаслалтыг өөрчлөөд, гэрэл зурагт залуу насыг нь мөнхлөн үлдээдэг болохоор тун ч гайхалтай санагдсан юм.

Сайн байна уу? Та бол дуртай зүйлээ хийгээд, түүнийгээ бизнес болгож чадаж байгаа эмэгтэйчүүдийн нэг үлгэр жишээ л дээ. Тиймээс ч сайтынхаа эмэгтэйчүүдтэй уулзуулахыг хүссэн юм. Энэ ажлыг эхлэхэд мэдээж амаргүй байсан байх даа? 

Мэдээж амархан бүтчихдэг зүйл гэж үгүй.  Би бүр 7-р ангид байхдаа л үеийнхээ охидод хувцас загварын талаар зөвлөгөө өгч, ярилцах дуртай байлаа.. Тэр үед эхэлсэн гэж хэлж болохоор… \инээв\ Одоо нүүр будалт, зөв хувцаслах техник болон гэрэл зураг авахуулах гээд олон төрлөөр хувирах чадвартай ажил хийж байна. Хэд хэдэн газар багшилж байгаа. Мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэж хэлэхгүй. Гэхдээ хүрэхээр тэмцэж явна даа.

Тэгэхээр багаасаа л дуртай, хүсч зорьж явсан байх нь ээ?

Уг нь би 4-р анги хүртлээ хөгжим бүжгийн балетийн ангид сурч байлаа. Мөн манай эгч Ленинградад балетаар сураад төгссөн байсан тул нэг гэрт хоёр балетчин хэрэггүй гээд сургуулиас гаргачихсан. Харин үүнийхээ ачаар зурах авьяасаа олж мэдсэн дээ. СУИС-ийг зураач дезайнер мэргэжлээр төгсөж, 2008 онд Номин фэйшнд маркетингийн чиглэлээр ажиллаж эхэлсэн зэрэг маань одоогийн бизнест маш их нөлөөлсөн.

Ингэхэд олон хүний өмнө илтгэл тавих ямар байдаг вэ? 

Эхлээд гарахдаа сандардаг л даа. Гэхдээ “ХҮНД ӨГӨХ” гэдэг гол зорилгоо санаж, энэ хүмүүст ийм зүйлийг ойлгуулах ёстой гэдэг дээр төвлөрдөг учраас би өөрөө ямар харагдаж байгаа бол гэдэгт ер анхаарал хандуулдаггүй. Тиймээс лекц маань ч хүмүүстээ сайн хүрдэг.

Тэгвэл “би ямар харагдах бол” гэдэг дээрээ анхаараад, асуух зүйлээ ч асууж чадалгүй дуугүй өнгөрдөг эмэгтэйчүүд олон байгаа. Лекцийн дараа тан дээр хэр их эмэгтэйчүүд хувиараа очдог вэ? 

Маш олон хүн эргээд холбогддог. Энэ сэдэв, энэ хэрэгцээ зах зээлд дутагдалтай байгаа юм байна гэж хардаг шүү. Миний эргэн тойронд мэдлэгтэй маш мундаг эмэгтэйчүүд олон бий. Заримдаа тэднийг нэг уулзуулах юмсан, тойрч суугаад сайхан ярилцах хэрэгтэй юм байна гэж боддог.

Тэдгээр эмэгтэйчүүдээс ажиглагддаг нийтлэг зүйл нь юу байдаг вэ? 

Дандаа өөрсдийгөө голдог. Миний нүд онигор, би намхан гэх мэт. Хэн нэгэнтэй харьцуулаад өөрсдийгөө хэн ч биш болгодог. Тиймээс би  сургалтаа ихэвчлэн өөрөө өөртөө байгаа чанарыг яаж илүү сайхнаар гаргаж, яаж өөртөө сэтгэл хангалуун байх вэ гэдэг талаас нь явуулдаг юм.

Тэгээд эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой юм бэ?

Заавал Солонго шиг, Туяа шиг…. хэн нэгэн шиг байх албагүй шүү дээ. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ өөртөө итгэлтэй байх гэдэг үгийн ард олон зүйл байгаа. Өөртөө таалагдсан зүс царайтай, бие галбиртай байх. Өөртөө таалагдсан хувцсаа авч өмсөх гээд л. Мэдээж энэ бүхнийг зүгээр нэг сууж байгаад бүтээчихгүй.

Нээрээ тийм шүү. Өөртөө итгэлтэй байх бүх зүйлээ бас бүтээх ёстой юм байна. 

Ер нь өөртөө итгэлгүй эмэгтэй хүн гэдэг өөрийгөө олоогүйтэй л холбоотой. Анх уулзаад гар барихад л андашгүй байдаг. Гар барьж байгаа хүч, өөдөөс харж байгаа харц нь бүхнийг хэлээд өгчихдөг. Би бол өөрийгөө мэднэ. Тийм учраас бусдад ч бас “намайг ийм байгаагаар л хар” гэж хүсдэг. Амьдрал хайран шүү дээ. Ажаад байхад “Би ер нь ганц амьдарна” гэдгээ л ойлгосон эмэгтэйчүүүд МУНДАГ амьдарч, амжилттай явж байна.

“Муухай эмэгтэй гэж үгүй, арчаагүй эмэгтэй л гэж байдаг” гэсэн үг дээрх жишээг бас тодорхой болгож байх шиг байна?

Арчаатай байх гэдэг өөрөө их том сэдэв л дээ. Зарим хүмүүс зүгээр сууж байгаад   зүгээр л цагийг өнгөрөөчихдөг шүү дээ. Тэрний оронд юм бодож байхдаа хажуугаар нь гар нь хөдөлж байхыг л арчаатай гэх юм болов уу. Ядаж зүгээр сууж байхаар босоод гутлаа арччихдаг ч юм уу? Гар хөдөлж байгаа цагт зөвхөн гоо сайхнаар зогсохгүй амьдралаа ч босгоно.

Их сайхан тодорхойлж хэллээ. Та магадгүй манлайлагч эмэгтэй байх?

Манлайлагч бол биш гэж боддог. Байхыг ч нэг их хүсдэггүй. Миний ойлголтоор манлайлагч гэдэг бол ядарсан ч ядраагүй юм шиг, өлссөн ч өлсөөгүй юм шиг харагдаж, бусдыг цаг ямагт манлайлж, үлгэрлэх тийм тэвчээртэй хүн байдаг байх. Би бол ганцаараа баймаар үедээ ганцаараа үлдэж, ядарсан бол бусдад ямар нөлөө үзүүлэхээ ч бодохгүй түр амрахыг хүснэ.

Эмэгтэй хүн дуртай зүйлээ хийхийн тулд ямар нэг золиос гаргах шаардлагатай болдог юм шиг санагддаг. Нэг бол гэр бүл, хайртай хүмүүсээ, эсвэл дуртай зүйлээ ч юм уу? Аль алийг нь амжуулах гэхээр амьдрал цаанаасаа л зөвшөөрдөггүй ч юм шиг… 

Аль нэг зүйлээ золиослож болохгүй ээ! Миний хувьд бурхан шиг сайхан ээжтэйдээ их баярладаг. Миний ээж л энэ бүх ажил, бизнесийн маань ар тал болж, охиныг маань харж, дэмжиж тусладаг. Мэдээж миний насны эмэгтэй хүн ээж аавтайгаа одоо хүртэл хамт амьдарна гэдэг нэг өнцгөөс харвал буруу л даа. Гэхдээ нөгөө талаас харвал яг миний нөхцөлд, миний гаргасан арга зам бол энэ. Өөрөөр хэлбэл АРГА ОЛОХ ХЭРЭГТЭЙ. Тухайн нөхцөл байдалд тохирсон арга замыг бодож олоод, хамгийн зөв зохицуулалтыг хийх хэрэгтэй.

Сайн ханьтай учраад дуртай зүйлээ хийгээд сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд байдаг. Гэтэл жаахан ч гэсэн өөрийг нь дэмждэггүй хүнтэй учраад эсрэгээрээ унжгар амьдарч байгаа эмэгтэйчүүдийг харахад хань гэдэг их чухал санагддаг л даа. Таны хувьд?

Амбсалмаа гуай их сайхан хэлсэн байсан. Муу амьдрахыг ганцаараа ч чадна гээд… Зарим эмэгтэйчүүд өөрсдөө эр хүнийг материаллаг талаас нь хараад байна л даа. Гэтэл ханиа зөв сонгохдоо материаллаг талаас нь бус бодгаль талаас нь, хувь хүн гэдгээр нь хараад учрах юм бол нэг зорилготой болсны дараа аяндаа тэр материаллаг зүйл чинь хаалга тогшоод л ороод ирнэ. Ер нь тэгээд хэн хэнтэй, хаана яаж учрахыг заагаад өгчихсөн байдаг гэж боддог.

Тэгвэл ямар эмэгтэйчүүд нь төөрөөд, зовоод амьдраад байдаг юм бол оо? \инээв\

Байх ёстой газраа, байх ёстой цагтаа байгаагүй л байхгүй юу. Манай нэг найз бий. Оюутан байхдаа хоолонд орох гээд дуудтал гарч ирэхгүй гэж зүтгээд, би бүр хамаг аргаа хэрэглэсээр арай л гэж гаргаж ирсэн юм. Гэтэл хоол идэж дуусаад, гарч явахдаа найз маань нөхөртэйгээ танилцаж байсан юм даа. Одоо 3 хүүхэдтэй, 9 жил сайхан л амьдарч байна. \инээв\

Ингэхэд эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Эм хүний жаргал тэгвэл хаахнуур байна?

Ганцаараа байх үед. Жаахан амиа бодсон санагдаж мэдэх юм. Гэхдээ л… Заримдаа өглөө эрт гараад, зайдуу газар зогсчихоод машинаа тулаад нар мандахыг харангаа чив чимээгүйг мэдрэх их гоё. Зарим үед буйдхан кафед орж суугаад, цонхны цаад талд хүмүүсийн амьдралыг ажиглах ч юм уу… Ер нь өөрийгөө олох гэдэг л энэ юм даа.

Нүүр будалтын талаар асууя л даа. Ер нь бид заавал нүүрээ будах хэрэгтэй юм уу? Ашиг тус байна уу?

Бурхан эмэгтэй, эрэгтэй хүнийг тус тусад нь бүтээсэн биз дээ. Бид эрэгтэй хүнээс яагаад ялгаатай  байдаг юм? Яагаад ийм уян налархай биетэй, сайхан дуу хоолойтой юм? Бусдыг уярааж байх ёстой гэсэн үг юм биш үү? Хорвоог уяраах гэж эмэгтэй хүн болж төрсөн юм болохоор үүндээ нүүр будалт гэх нэмэлт бүтээгдэхүүнийг ашиглах хэрэгтэй байх. Хэт их будахдаа гол нь биш. Харин өөрийн гоё дүр төрх, хөөрхөн уруул, нууцлаг нүдийг тодруулах, өөртөө зохисон энгийн будалтыг тохируулж хийж сурах нь чухал юм.

Бие галбирын тухайд асууя. Турахыг хүссэн эмэгтэйчүүд нэмэгдээд л байна. Энэ талаар зөвлөгөө өгч болох уу?

Нээрээ би 18 хоногийн дотор 8 кг хассан шүү дээ. Би 2008 онд 120 кг байсан. Тэр үед зөв хооллолтын ачаар 30 кг хассан. Турах маш олон арга зам байна л даа. Аль нь тэр хүний биед тохирох вэ гэдгийг эхлээд мэдэх, өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийг судлаад, туршиж үзэх хэрэгтэй. Би бол дасгал хөдөлгөөн огт хийлгүй 30 кг жин хасаж үзсэн. Харин сая 8 кг хасахдаа зөв хооллолтоо, дасгал хөдөлгөөнтэй хослуулсан. Ямар нэг цай, кофе тураах бүтээгдэхүүн бол харин тураахгүй гэдгийг би баттай хэлнэ. Тэрний оронд алхах хэрэгтэй шүү.

Бага зэрэг сэдвээсээ хальтраад эр хүний тухай асуумаар санагдлаа. Ямар эр хүн таалагддаг вэ?

Надруу дальдчихгүй хардаг эр хүнд дуртай. Эр хүний тийм шийдэмгий, өөртөө итгэлтэй байдал гоё шүү дээ. Нүд рүү цоо ширтээд “Сайн байна уу” гээд хэлбэл “сайн байна аа” гээд л гар барих байх даа  кк.

Тантай ярилцахад үнэхээр эрч хүч, урам зориг аваад сайхан байна.  Гэхдээ ярилцлагаа дуусгаж, сүүлийн үгийг өөрт тань үлдээе. 

Ихэнх эмэгтэйчүүд хүнийг хараад эхний 5 секундэд л дүгнэчихдэг. Гэтэл бусдыг дүгнээд сууж байх яг тэр 5 хоромд өөрөө ч бас дүгнүүлж байгаагаа боддоггүй. Та өөрөө бас 5 секундэд дүгнэгдэж байгаагаа хэзээ ч битгий март. Зөв хувцаслах арга техникт суралц. 4 хананы дунд хэн ч харахгүй гэж бодоод унжийгаад сууж байгаа бол үгүй. Толь таныг харж байгаа. Өөрийгөө түр мартах үе мэдээж байна л даа. Хүүхэд өвдөж байхад уруулаа будаад сууж байна ч гэж юу байхав. Гэхдээ тийм л цаг үед бэлтгэлтэй байна гэдэг нь өөрөө арчаатай эмэгтэй хүнийг хэлж байгаа юм шүү дээ.

Маш их баярлалаа. Монгол хатад сайтын уншигч эмэгтэйчүүдийн өмнөөс таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Таны ярианаас олон эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл, эрч хүчийг олж авах байх! Таныг зориод очих олон эмэгтэйчүүд өөрийгөө олоод буцаасай гэж хүсч байна. Баярлалаа.

Монгол хатад: Солонго их нээлттэй, нэг ч гэсэн эмэгтэйд хэрэгтэй үгийг нь хэлээд өгөхсөн гэж боддог уриалгахан эмэгтэй санагдсан. Түүнээс тусгайлан зөвлөгөө авахыг хүсвэл фб хаягаар нь холбогдоорой. Solongo Tumen

Solo’N’Go art studio FB хуудас:  Solo ‘N’ Go Fashion Consulting

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ