Нүүрний хамгийн эмзэг арьс болох зовхийг хэрхэн арчлах вэ?

Хэт их ядрах, нойр муу байх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтэж, нүдний доогуур “уут” үүсдэг. Энэ тохиолдолд яншуй, төмсний маск болон чидун жимсний бүлээн тосоор жин тавихад үр дүнтэй байдаг. Түүнчлэн өглөө бүр нүүрээ будахын өмнө зовхи, хөмсөгний дасгал хийхийг хичээ. Толинд харж байгаад эхлээд доод зовхио өргө, дараа нь хөмсгөө өргөх мэтээр дасгалыг үргэлжлүүлээрэй.

Дараагийн дасгал, толгойгоо эгц байлгаж, урагш хараад нүдээрээ эргэх хөдөлгөөнийг цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг хийнэ.

Дасгал хийсний дараа зовхиндоо чийгшүүлэгч крем түрхээд 5-10 минут болсны дараа тэжээлийн тосыг түрхэнэ. Орой унтахын өмнө сормуусны будаг, зовхины тенийг тогтмол, зөв арчиж цэвэрлэх нь зовхинд үрчлээ суухаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Нүдний будалтыг тусгай зориулалтын будаг арилгагч эсвэл бүлээсгэсэн ургамлын тосоор арчиж цэвэрлэх хэрэгтэй. Сормуусыг үзүүрт нь хөвөн ороосон савхаар цэвэрлэх нь илүү тохиромжтой байдаг. Тенийг гоо сайхны салфетикаар нүдний давхраанаас сормуусны чигт арчиж цэвэрлэнэ. Дараа нь зовхийг нүдний дотоод булангаас хөмсөгний дагуу нүдний гадна булан руу доод зовхийг нүдний гадна булангаас дотно булан руу тус тус цэвэрлэдэг. Долоо хоногт 2-3 удаа зовхиндоо халгайн хандаар 15-20 минут жин тавиад массаж хийхийг зөвлөж байна. Өөр бусад маск бэлтгэх хэд хэдэн жорыг толилуулъя.

Жор 1

Жижиглэн хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн юм уу марлиар бүтээнэ. 15 минутын дараа маскийг авна. Мөн энэ аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний маскийг тавьж болно.

Жор 2

Жижиглэсэн төмсийг хоёр цайны халбага гурил, хоёр цайны халбага сүүтэй хольж, дээрхийн адил маск тавина.

Жор 3

Чидун жисний тосоор жин тавиад дараа нь яншуйны хандаар бэлдсэн мөсөөр массаж хийнэ.

Нүдний орчимд массажийг тун болгоомжтой хийгээрэй. Дээд зовхинд хамраас хөмсөгний дагуу нүдний гадна булан хүртэл доод зовхинд нүдний гадна булангаас хамрын чигт хурууны өнгөөр иллэг хийгээд дараа нь дээрх чиглэлийн дагуу тогшилт хийж массажийг дуусгана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ