Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл гэж юу вэ?

Энэхүү эмгэг нь үтрээнээс эвгүй үнэртэй ялгарал гарах гол шалтгаан ба бэлгийн замаар дамжих халдвар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн шинж тэмдэг бүдэг байх ба ямар нэг эмчилгээ хийгээгүй байсан ч аяндаа арилж болдог.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж юу вэ?

Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг.

Ямар шалтгаантай вэ?

Бэлгийн ариун цэвэр хангалтгүйгээс энэхүү эмгэг үүсдэггүй, харин ч хэт угаалга хийдэг эмэгтэйчүүд өртөх магадлал өндөр. Өдийг хүртэл анагаах ухаан энэхүү үтрээний үрэвслийн жинхэнэ шалтгааныг тогтоогоогүй байгаа. 3 эмэгтэйн нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа нянгийн гаралтай үтрээний үрэвслээр өвдсөн байдаг.

Дараах тохиолдолд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй:

  • Бэлгийн идэвхэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог(Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог ч бэлгийн харьцаа нь эрсдэлт хүчин зүйл юм )
  • Бэлгийн шинэ хавьтагчтай болох
  • Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан
  • Тамхи татдаг
  • Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг
  • Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд

Дараах тохиолдолд нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэх эрсдэл бага:

  • Жирэмснээс хамгаалах дааврын эм ууж хэрэглэдэг
  • Тогтмол бэлгэвч хэрэглэдэг эмэгтэйчүүд

Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед ямар шинж илрэх вэ?

Гол шинж нь үтрээнээс ялгарал гарах юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгарал гарах үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг болдог ба цайвар өнгийн, загасны төст үнэртэй ялгадас гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртдэг. Үтрээнээс гарах энэхүү ялгарлын хэмжээ нь БЮМ ирсний дараа, бэлгийн харьцааны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох зовиур илэрдэггүй.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйд ямар нэг зовиур илрэхгүй байж болно.

Хэрхэн оношлох вэ?

Эмч үзлэг хийн,  хэд хэдэн шинжилгээний арга хэрэглэн нянгийн гаралтай үтрээний үрэвслийг оношлодог.

  • Үтрээний орчинг тогтоох – Нянгийн ургалт нэмэгдсэнээс үтрээний хэвийн хүчиллэг орчин өөрчлөгдөж, шүлтлэг болох буюу рН нэмэгддэг. Эмч үтрээний ялгарлын орчныг тусгай сорил ашиглан тогтоох ба шүлтлэг бодис дусаахад өвөрмөц, загасны мэт үнэр ялгаруулдаг.
  • Үтрээний наацын шинжилгээ (мазок) – үтрээний ялгарлаас наац бэлдэн, микроскопоор харахад олон төрлийн нян их хэмжээгээр ургасан байгаа нь харагддаг.

Эмчлэхгүй бол ямар хүндрэл гарах вэ?

Жирэмсэн үед дараах хүндрэл учрах эрсдэлтэй:

  • Дутуу төрөх
  • Ураг зулбах
  • Хүүхэд бага жинтэй төрөх
  • Жирэмсэн үед ургийн хальс үрэдсэх, ураг халдварлагдах
  • Төрсний дараа умай үрэвсэх

Эмэгтэйчүүдийн ямар нэг ажилбар хийлгэх эмэгтэй нянгийн гаралтай үтрээний үрэвсэл эмчлэгдээгүйгээс халдвар умай, өндгөвч, дайварт тархах аюултай. Энэхүү эмгэгтэй эмэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох үед халдвар авах эрсдэл өндөр байдаг.

Хэрхэн эмчлэгдэх вэ?

Ямар нэг зовиур, шинж тэмдэг илрэхгүй байгаа эмэгтэйд заавал эмчилгээ шаардлагагүй гэж үздэг. Эмчилгээ хийгдээгүй байсан ч үтрээний орчин аажимдаа сэргэдэг.

Хэрэв та жирэмсэн эсвэл эмэгтэйчүүдийн ямар нэг мэс ажилбар хийлгэх гэж байгаа бол антибиотик эмчилгээ зайлшгүй шаардлагатай.

Эмчилгээний дараа давтан шинжилгээ шаардлагатай юу?

Жирэмсэн биш эмэгтэйд антибиотикийн курс эмчилгээний дараа давтан шинжилгээ шаардлагагүй.

Жирэмсэн эмэгтэйчүүд эмчилгээ дууссанаас 1 сарын дараа үтрээний наацын давтан шинжилгээ өгөх хэрэгтэй.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахин давтан илрэх магадлал өндөртэй. Зарим эмэгтэйчүүдэд эмчилгээнээс хойш 3 сарын дотор дахин илэрдэг  ба энэ тохиолдолд антибиотик эмчилгээг давтан хийдэг.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахихаас хэрхэн сэргийлэх вэ?

Урьдчилан сэргийлэх ямар нэг онцгой арга гэж байхгүй хэдий ч дараах санамжийг мөрдөөрэй.

  • Үтрээний угаалга хийхгүй байх
  • Ваннд орохдоо ямар нэг хөөсрүүлэгч саван, шампунь зэргийг хэрэглэхгүй байх
  • Дотуур өмдөө угаахдаа хүчтэй ариутгагч, угаагч бодис аль болох хэрэглэхгүй байх
  • Гадна бэлэг эрхтэн, үтрээг хэт угаахгүй байх (үтрээний дотуур угаалга хийхгүй байх)
  • Эмэгтэйчүүдийн зориулалтын саван, түүн дотроо рН багатай буюу хүчиллэг орчинтой саван сонгон хэрэглэх. Эх сурвалж:  www.Emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ