Нурууны булчингийн чадвараа хэрхэн гэртээ хөгжүүлэх вэ?

Нуруу бол биеийн хамгийн гол тулгуур эрхтэн ба бодисын солилцоо зөв явагдах нь ч нурууны булчингийн хөгжлөөс хамаарна.

Тусгайлан фитнест явах завгүй гэж санаа зовох хэрэггүй. Өөрийнхөө биеийн жинг ашиглаад л гэртээ амарч байх зуураа нурууны булчингийн чадварыг сайжруулж болно.

Уруу харж цасны эрвээхэй хийх

Та цасан дээр хэвтээд л хоёр гар хөлөө хөдөлгөн эрвээхэй зурж үзсэн л биз дээ. Тэгвэл яг үүнийгээ доошоо харж хэвтээд хийнэ. Тохойгоороо нугалахгүй гараа чангалаад биеийнхээ тушаа байрлуулах ба дараа нь аажмаар дээшлүүлэн, толгойндоо хүргээд буцаагаад анхны байдалд аваачина.

Энэ дасгалыг 5 удаа хийгээд 30-60 сек амрана. 3 удаа давтаж хийгээрэй.


Нугас болох

Өглөөний мэнд гэж нэрлэдэг энэхүү дасгал нь нэлээд үр дүнтэй юм. Ямар ч дасгалын тоног төхөөрөмжгүйгээр амжилттай үр дүнд хүрч болно гэдгийг энэ дасгалын үр дүн үзүүлнэ. Хөлдөө мөрнөөс бага зэрэг өргөн зай авч зогсоод гараа ташаандаа авна. Мөрөө арагш нь цэхлээд бэлтгэх байдлаа авсны дараа чээж хэсгээрээ урагш бөхийн газартай праллел болох хүртлээ нугарна. Нуруугаа чангалж зөвхөн дээд хэсгээрээ хөдлөх ёстой шүү. 10-15 удаа 3 давталттайгаар хийгээрэй. Дунд нь 30-60 секунд амраарай.

Супермэн болох

Энэ бол тун гайхалтай дасгал. Таны нурууны булчин, эд эс бүх л зүйлийг чангаруулж сайжруулах болно. Супермэн яаж нисдэг билээ. Та гэрийнхээ шал, хивс, хавтгай газар хаана л байна тэнд түрийлгээ харж хэвтээд нисэх гэж хичээхэд л болно. Гар, хөл газраас өргөгдөн нуруугаа чангарахыг мэдрээрэй. 15-30 секунд хичээж бариад биеэ суллан амарна. Үүнийг 3 давтаж хийнэ.

Кобра байрлалд орох

Иогийн энэ байрлалыг та мэдэх байх. Энэ нь нурууны доод хэсгийн булчинд ачаалал өгч, ажиллуулдаг учраас энгийн үед ажиллахгүй булчингаа энэ дасгалаар сайжруулж болно.

Гараа цээжнийхээ харалдаа шалан дээр тулж, хөлийн өлмийгөө жийж өгөх ёстойг анхаараарай. 15-30 секунд хийгээд биеэ суллана. 10 удаа давтаж хийнэ.

Ханатай суулт хийх

Хана байхад л хийж бодох дасгал юм. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, нуруугаараа хананд тулж зогсоно. Дараа нь байрлалаа алдахгүйгээр доош сууж, хөлөө шалтай 90 хэм үүсгэх хүртэл гулсаад, буцаж дээшээ босно. Энэ зөвхөн нуруугаар зогсохгүй хөл, гуяны булчинг чангаруулж сайхан хөлтэй болоход тусална.

Ажилсаг байх

Хамгийн сүүлийн санал болгох дасгал маань тун энгийн. Та гэр хороололд амьдардаг бол фитнесд явдаггүй байсан ч гайхалтай эрүүл чийрэг биетэй байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл модоо хөрөөдөж, хагалж, хурааж, хашаа хороогоо шүүрдэж, мод зүлэг тарьж, дулаан цагт цонхоо угааж, нохойныхоо баасыг түүхээс эхлээд гэр орны бүх л ажил таныг эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, эрүүл чийрэг байхад туслах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ