Нуруугаар өвдөх

Судалгаанаас үзвэл ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг ч ерпөө 15% нь эмчид үзүүлдэг ажээ.

Ерөнхий

Нуруу, нугас -ны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул юм. Жишээлэхэд, хүзүүний нугалам -ын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрнэ. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүснэ. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх суларна.

Шалтгаан

Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй.

Нуруугаар өвдүүлж байгаа шалтгааныг өөрөө тогтоох гэж байгаа хүн радикулит буюу нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл тэр тохиолдоод байдаггүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Харин радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрдэг. Иймд явж, хөдөлж, эсвэл тайван сууж байгаагаас үл хамааран нуруугаар өвдүүлэх нь сулрахгүй, болихгүй байгаа бол өвдөлтийн шалтгаан нь нуруу, нугасны өвчин бус харин дотор эрхтэнийх байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Гэхдээ нурууны эмгэгийг үед нуруугаар бус харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Жишээлэхэд, цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.

Явц

Нуруу өвдөлт өгдөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл юм. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа хоногийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж.

Хазайн тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын нэг шинж юм.

Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр толгойг эргүүлэх үед удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.

Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьсгалахад нуруугаар өвдөх нь Бехтеревын өвчин, спондтилоартрит -ийн үед ажиглагддаг.

Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлэдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсгэх аюултай.

Оношлогоо

Нуруугаар байнга, хүчтэй өвддөг болсон тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай.

Нурууны өвдөлтийн шалтгааны тодорхойлохын тулд соронзон цуурайт томографийн шинжилгээг өргөнөөр ашигладаг. Рентген зургаар нурууны гэмтэл байгаа эсэхийг магадлана.

Эмчилгээ

Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ