Найз бүсгүйнхээ гэрт анх удаа хонохдоо гаргаж болохгүй алдаанууд

Орой үдшийн цагаар болзож, салж ядан хагацсаар нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө. Одоо харин найз бүсгүйнхээ гэрт анх удаа очих сэтгэл догдолж, сандармаар мөч тулаад ирчихжээ. Өөрийнхөө гэрт тааваараа тарвалздагаас чинь өөр л байлгүй яахав. Хайртай бүсгүй тань гэртээ яаж амьдардгийг харах нь сонирхолтой ч, харин таны зүгээс хийж болохгүй таагүй үйлдлүүдийг охид бүсгүйчүүд ийнхүү хэлсэн байна шүү.

Жижигхэн ч болов бэлэг барьж очихоо мартуузай

Заавал үнэтэй, сүр бараатай зүйл бэлдэх гэж санаа зовох хэрэггүй. Амттан аль эсвэл ганцхан улаан сарнай, дуртай школадыг нь бариад орсон ч болно. Харин хамтдаа очиж байгаа бол гэрийнх нь ойр дэлгүүрт ороод дуртай зүйлийг нь авч өгвөл тэд баярлаж таарна аа.

Тамхи л татаж орхив доо!

“Гэртээ байгаа юм шиг байгаарай” гэж тэд хэлж магадгүй л дээ. Тэглээ гээд гэртээ байгаа юм шиг тамхи гарган татаж орхив доо! Сандралаа дармаар байсан ч тамхи л биш шүү. Найз охин тань тамхи татдаг байлаа ч та хэрэггүй. Одоохондоо та тэдний зочин болохоор тэвчээд өнгөрөөрэй. Бүр хэцүүхэн байвал тагт ашиглаж болно. Ер нь тэгээд дурласан бүсгүй шиг сайхан амттан байхад тамхиар ч яахав дээ, залуусаа!

Хоол хийхэд нь тусалцгаая

Найз бүсгүйнхээ гэрт ирээд гарынх нь хоолыг амтална гэдэг аз жаргал биш гэж үү. Ширээг нь арчиж өгөх, арилгах ногоог нь гаргаж өгөх гээд үнэхээр жижигхэн тусламж байхад л тэд баярлана. Амтат хоолыг бүсгүйдээ даатгаад, арынх нь аяга тавгыг угаагаад өгөх нь ч  боломжийн санаа. Та хоёр яг энэ үед ирээдүйд хамтран амьдрах дүр зургаа төсөөлж, дор дороо инээмсэглэх байх шүү.

Угаалгын өрөөг бохирдуулахгүй байх

Эрчүүдийн төсөөлдгөөс ч олон эмэгтэй цэвэр, цэмцгэр байхад дуртай байдаг. Таныг гэртээ замбараагүй суудгийг тоодоггүй юмаа гэхэд өөрийнх нь гэрт ч бас замбараагүй байхад лав дуртай байхгүй. Ялангуяа анхаарал хандуулах ёстой газар бол угаалгын өрөө. Сахал хуссан хөөс, шүдний оо чинь угаалгын өрөөний толинд үсэрч наалдсан байхыг, норсон гар нүүрийн алчуур базаастай хэвтэхийг харахад таатай санагдахгүй.

Суултуур хэрэглэснийхээ дараа заавал буулгаарай

Энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн дуу дуугаа авалцан ярьдаг хамгийн том асуудал. Найз залуудаа хичнээн дурлаж, шатаж байлаа ч тэднийг морь харсны дараа суултуур дээр үлдсэн дуслууд бүсгүйчүүдийг үнэхээр бухимдуулдаг. Суултуураа буулгаагүй орхисон байхад л тэд ярвайх болно. Ер нь тэгээд гэр бүлтэй болмогцоо зогсоо байдлаас сууж морь харах хэвшилтэй болдог эрчүүд олон байдаг байна. Үр хүүхдээ, гэр бүлээ бодсон ч эрүүл ахуйн хувьд тэр нь зөв учраас одоо ч гэсэн тийм хэвшилтэй болчиход юу нь буруу байх билээ.

Бүсгүйнхээ цагийн хуваарьт аль болох тааруулах

Та бүсгүйнхээ гэрт анх удаа хонох гэж байна. Маргааш нь ажилтай эсвэл амралтын өдөр аль ч бай, таны нойр хүрч унтмаар эсвэл хар үүрээр нойр чинь сэргээд босмоор байлаа ч бүсгүйнхээ цагийн хуваарьт тохируулж хэвтэж босвол зүгээр гэнэ шүү. Нөхөр болох дүрэм унших гээгүй л дээ. Гэхдээ бүсгүйгээсээ жаахан эрт унтаж, бага зэрэг оройтож босох нь сонгодог зохицол гэнэ. Тэгэж гэмээнэ бүсгүй тань хүссэнээрээ хувцаслаж, таныг сэрэхэд хөөрхөн болчихсон угтаж чадах нь ээ.

Эцэст нь хэлэхэд

Хэр санагдав даа? Боломжийн анхааруулгууд байгаа биз. Мэдээж найз бүсгүйн тань гэр болохоор бусад ихэнх асуудлыг бүсгүйдээ даатгаарай. Анхны хонуут болзоо та хоёрыг улам дотносуулна гэж найдаж байна. Дараа дараагийн найз бүсгүйндээ зочлох өдрүүд ойрхон байг ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ