Миний ертөнц: Юу чаддаг, юунд дуртайгаа мэддэг хүн л өөрийнхөөрөө байж чадна.

Венийн вальс эргэлдэх гайхалтай үдэшлэг, урт хормойтой даашинз, сонгодог хөгжмийн эгшиг… энэ бүхэн зөвхөн Сиси хатан киногоор төсөөлөгдөж, охидын мөрөөдөл болж явахад Австрийн Вена хотод яг тийм л гайхалтай үдэшлэг дээр урт үсээ намируулсан нэгэн монгол охиныг би анх олж харсан юм.

Их танхимд вальс эргэн эрхэмсэг бүжиж байснаа латин бүжгийн танхимд ормогцоо бусдыг алмайруулан салса, бачата, кизомба хийгээд л… Тэр ганцаараа байсан ч бүжигт дурласан сэтгэл нь түүнийг орчин нөхцлөөс нь ангид аваачих шиг санагдаж байсан.

Түүнийг Отгонжаргал гэдэг. График дезайнер мэргэжилтэй. Гэхдээ түүний сонирхол нь дэндүү олон. Сонирхол гэхээсээ илүү бараг л мэргэжил болтол нь хөгжүүлж, дурлаж чадсан түүнээр адилхан бүсгүй хүний хувьд бахархахгүй байхын аргагүй.

Олонтой хамт эрч хүчтэй баймаар үедээ бүжиглэнэ, ганцаараа бодож тунгаамаар үедээ намуухан джазз хөгжим сонсож, зураг зурна. Жаахан уур бухимдалтай байвал боксоор хичээллэж, усанд сэлнэ. Харин шинэ мэдрэмжээр цэнэглэгдэж, илүү их сурч мэдэхийг хүсвэл хаашаа ч хамаагүй аялалд гарч орхино.

Түүний зургуудыг үзээд сууж байхад аялаад л явж байдаг, огт гуниж гутардаггүй баян айлын эрх охин шиг санагдана. Гэхдээ хүний нутагт сурангаа ажиллаж, ижилхэн амьдрал туулсны хувьд ҮГҮЙ гэдгийг нь сайн мэднэ. Хүн дуртай зүйлээ хийхэд эд мөнгө, материаллаг зүйл л чухал гэж боддог бол том эндүүрэл. Хүсэл эрмэлзлэл дүүрэн байхад, бас үнэхээр би өөрөө юунд дуртай вэ гэдгээ мэддэг байхад аяндаа л бүх зүйл сайхан бүтдэг гэдгийг тэр аль хэдийн ойлгочихсон.

Өөрийгөө ямар хүн бэ? юуг илүү сайн хийж чаддаг вэ? юуг хийхдээ илүү жаргалтай байдаг вэ гэдгийг мэддэг хүн л өөрөөрөө байж чаддаг. Үүнийгээ мэддэггүй, юу чадахаа ч ойлгоогүй хүн бол өөрийнхөөрөө байхаас илүүтэй өөр бусад шиг болох гэж дэмий хичээдэг байх… Тэр ингэж хэлсэн. Түүний гэрэл цацруулах мэт эрч хүчтэй амьдарч буйгийн гол нууц нь энэ байх!

Юутай ч Оогий маань одоо дуртай зүйлээ хийж SOR бүжгийн студийн багшаар ажиллаж байна. Дэндүү сайхан бүжиглэж байгааг нь та нийтийн сүлжээнүүдээс харж болно. Нэг харахад л тэнд, нэг харахад л энд… Түүний дурласан амьдрал цаашид хэчнээн улс орноор тэлж, хэчнээн үйл явдлаар баялаг болохыг бид таашгүй.

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ