Миний ертөнц: Чимээгүй суугаад л, бичээд л, уншаад л… төгсгөлд нь 3 ёотонтой өтгөн байхуу цай.

Анх хараад л ямар гоё инээмсэглэдэг, хацрын хонхорхой нь яасан хөөрхөн эмэгтэй вэ? гэж бодож билээ.

Бусдыг анхны харцаар татах ямар нэг давуу тал хүн бүрт байдаг бол түүнийх яалт ч үгүй “ИНЭЭМСЭГЛЭЛ” байж таарна. Надаас урд олон ч хүн түүнээс энэ тухай асууж байсан бололтой.

Инээмсэглэл бол дутагдалтай талаа нуух хамгийн шилдэг арга шүү хэмээн тэр шуудхан л хариулсан юм.

Ганчимэг гэх энэ залуухан бүсгүй аль хэдийнээ хуримын бэлзэг зүүж, хүний гэргий болсон. Аав ээж нь мэдээж түүнд “арай л жаахан байна” гэж хэлсэн гэдэг. Харин мань хүн одоо л суухгүй бол оройтлоо гэсээр жил хагасын өмнө хуримаа хийсэн.

Өө тэгээд бүр “нөхөртэйгээ 17  настайдаа ч юм уу, арай л эрт учирахгүй яав даа гэж” боддог  гэж байгаа. Жинхэнэ хайр гэдэг энэ л байх. Түүний хуримын зургуудыг гүйлгээд өнгөрөх төдий хөндлөнгийн би хүртэл аз жаргалыг мэдрэн, зүрхээр хайр дүүрч эхэлнэ. Тиймээ, жинхэнэ хайртайгаа учирсан бүсгүй шиг аз жаргалтай эмэгтэйг өөр хаанаас олж харах билээ дээ.

Ганчимэг маань мөн ч олон төрлийн авьяастай. Гэртээ бяцхан буланг урлан болгож товхинуулаад, гар урлалын элдэв төрлөөр, янз бүрийн бүтээлүүд туурвих дуртай. Бас шүлэг, зохиол бичиж, номоо ч хэвлүүлээд амжсан. Унших, унших бас дахин унших нь түүнд хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг.

Гэхдээ Ганчимэг зөвхөн дуртай зүйлээ хийгээд амьдрах хараахан болоогүй гэж боддог. Учир нь тэр 30 нас хүртлээ унаж, ухарч, уйлж, дампуурлаа зарлаж, бүтээн байгуулж, захиралдаа магтуулж, хүнд хөөгдөж, мандан бадарч үзэхийг хүсдэг.

Нүд, нүүрэндээ 30 гарсан эмэгтэйн намба суусан цагтаа л хэзээ ч салж чадахгүй хайртай ажлаа хийхийг хүсч байна.

Одоо Ганчимэг маань пиззаны газрын зохион байгуулагчаар ажилладаг. Үеийн залуус голдуу учраас инээд, наргиантай өдөр бүрийг өнгөрүүлнэ. Түүнд цагтаа ирж, цагтаа тарж, илүү ажиллавал илүү цагийн хөлсөө яг таг авдаг байгууллагынх нь систем маш их таалагддаг. Монголын нөхцөлд ийм байгууллага байгаа нь мундаг хэрэг шүү. Аа тэгээд пиззагаа хийж дуусчихаад “Ааая, урлаг уу?” хэмээн хөгжилддөг гээд байгаа юм. Шууд л авч идмээр санагдсан шүү. Хоолыг инээд хөөр, аз жаргалтайгаар хийсэн бол идэж байгаа хүмүүс ч тэр аз жаргалыг хамтад нь авдаг. Харин уурлаж, уцаарлаж хийвэл хор болдог гэж хуучны хүмүүс ярьдагсан.

Эх орны тухай асуухгүй байж чадсангүй. Ийм дэврүүн хүсэл мөрөөдөлтэй эмэгтэйчүүдийн минь дотор юу тээгдэж явдаг бол гэж их сонирхол төрнө өө.

” Эх орон их эмзэг сэдэв шүү. 30 хүрсэн хойноо би энэ талаар ам бардам хариулахыг хүсч байна. Одоо бол би өөрөө энэ утаа арай, арай. Ямар их түгжрэлтэй юм бэ? Хүмүүсээ цагаа сайн барь л даа. Хулгайд юмаа алдчихвий дээ. Энэ эмээд суудал тавиад өгөөч. Махны үнэ өсчихсөн байна. За цалингийн зээлээ өгөөд энэ сарын мөнгө дуусав аа  гэж л ярьдаг болохоор бас үүний төлөө юу ч хийж чаддаггүй болохоор юуг ч хэлж чадахгүй нь дээ”   гэж хариулсан юм.

Үнэхээр тийм шүү. Хүн бүр дор дороо хичээж, өөрсдийнхөө амьдралыг аз жаргалтай авч явах тэр цагт эх орон маань ч бас аяндаа сайхан хөгжинө. Худлаа чээжээ дэлдэгсдийн дунд тэр бол чин шударга эмэгтэй санагдлаа. Тэгээд ч тэр инээмсэглэлээрээ хангалттай олон хүнд эрч хүч өгч, гавьяа байгуулдаг гэж би харин ам бардам хэлмээр байна.

Өө, тийм. Тэгээд түүний дуртай зүйл яг юу болохыг хэллүү?

Тэр чив чимээгүйд суугаад бичээд л, бичээд л байх дуртай. Бичээд л, уншаад л, уншаад л, ахиад бичээд л…. Тэгээд төгсгөлд нь өтгөн байхуу цайг 3 ширхэг ёотонгоор найруулаад, нөхрийгөө удаан гэгч нь үнэрлээд, нүдээ анин юм бодож сууна….

Мөрөөдөлдөө хүрч, 30 гарсан эмэгтэйн намба суусан хойно нь түүнтэй ахиад уулзаж, элдвийг хөөрөлдөнө хэмээн бат итгэж байна. Өөрийнхөөрөө байдаг түүний ертөнцөд улам их амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ