Миний ертөнц: Хөгжим тоглох үед зохиолдоо ороод, төсөөллийн ертөнцдөө оччихдог.

Найруулга хэмээх цохивор хөгжмийн тоглолтыг 2007-2017 оны хооронд 10 жилийн турш жил бүр үзэх хувь надад оноож байсан билээ. Тэдний тоглолтыг тэсэн ядаж хүлээдэг үзэгчид маш олон бий.

Сүүлийн жилүүдэд энэ тоглолтыг үзэхдээ нийтэд нь гэхээс илүү нэг л охины зүг харц өөрийн эрхгүй явчихдаг байсныг нуух юун. Гарын хурц хөдөлгөөн, толгойн шидэлт, харц, инээмсэглэл, гуниглал – тэр охиныг хараад хөгжмөө сонсоход ямар утгатай ямар зохиол гэдгийг нь илүү сайн ойлгох шиг болдог байлаа. Бусад хүүхдүүдээсээ илүү мэдрэмжээ гаргадаг нь тэр охин байсан юм болов уу? яагаад ч юм бусдыг нь гүйлгэж хараад тэр охин дээр харц тогтоно. Зарим хэсэгт нь уйлмаар санагдах ч үе бий…

Дараа нь тэр охиныг хүмүүс мэддэг болсон. Учир нь тэр аавтайгаа хамт “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, өнөөх л мэдрэмжээрээ Рокит Бэй шүүгчид таалагдаад авсан.

Э.Түвшинсайхан бага ангидаа хөгжим бүжгийн сургуулийн цохивор хөгжмийн ангид шилжин орсноор хөгжмийн урлагт эргэлт буцалтгүй татагдан орсон. Гэхдээ үүнийг эхлэл гэж болохгүй л дээ. Учир нь гэдсэнд байх цагаас нь л дуулж хуурдаж, үргэлж гэртээ хөгжим хангинуулж байдаг аав нь түүний урлагт хайртай болсон анхны шалтгаан. Жаахан томронгуут нь өөрөө дуу зохиож дуулуулж, хамтдаа дуулж, гэртээ бужиглэж, урлагийн үзүүлбэр үзүүлж тоглосоор аяндаа л Түвшинсайхан урлагт татагдаж эхэлжээ.

Хөгжмийн амин судас нь хэмнэл, ритм, хэмжээндээ байдгийг мэдрэх тусам цохивор хөгжимдөө улам их дурласан. Тиймээс ч ахлах сургуулиа дүүргээд одоо хөгжим бүжгийн консерваториумд 4-р курсдээ суралцаж байна.

Хөгжмийн сургуулийн хүүхдүүд энгийн хүүхдүүдээс 2 дахин их ачаалалтай байдаг. Тэд ерөнхий мэдлэгдээ сайн сурахаас гадна мэргэжлийн хөгжимдөө хичээхгүй бол болохгүй. Энэ л зарчмаар багаасаа цагаа маш нарийн зохицуулж, сургууль дээрээ өнжих нь холгүй хичээллэнэ. Чөлөөт цаг гэж бараг л гарахгүй л дээ. Гэхдээ “чөлөөт цаг гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх цаг” гэж боддог Түвшинсайханы хувьд хөгжимдөө цаг гаргахыг илүүд үзнэ. Завсар зай гарвал ном уншиж, бусдад аль болох туслаж, баярлуулахыг хүсдэг. Эргэн тойрных нь найзууд, дүү нар түүнийг байнга инээмсэглэл цацруулж, баяр хөөртэй байдаг хэмээн магтах юм билээ.

Түүнээс ирээдүйн хүсэл мөрөөдлийнх нь тухай асуухад алдартай хүн болох ч юм уу, баян нэгэн байх тухай хэлээгүй юм. Харин бусдад үлгэр дуурайлал болж чадахуйц нэгэн байхыг хүсч байна гэсэн. Мэдээж хөгжимтэй салшгүй холбоотой байх нь тодорхой. Монгол хүн болж төрсний хувьд эх орондоо оруулахыг хүсдэг хувь нэмэр нь хүүхэд багачуудыг багаас нь хөгжмийн мэдрэмжтэй, суурьтай хүн болж өсөхөд нь туслах юм. Тиймээс ч одоо хичээлийнхээ хажуугаар хүүхдийн цэцэрлэгт цохивор хөгжим зааж, багшилж байна. 

Би түүнээс нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадсангүй. Тэгвэл үнэндээ уулзсаны учир хэрэг ч гарахгүй л дээ. Хөгжим тоглож байхдаа яг юуг мэдэрдэг вэ? Үүнийг би мэдэхийг хүссэн юм.

“Хөгжим тоглож байхад төрдөг мэдрэмж маш эрхэмсэг. Би яг л бүхнийг бүтээсэн бурхан ч юм шиг гайхалтай мэдрэмжийг мэдэрдэг. Ая, аялгуугаа маш сайн мэдэрч тоглож байж хөгжим гэдэг зүйлийг бүтээдэг учраас тэр мөчид би зохиолдоо бүрэн орчихдог юм. Тэгээд л төсөөллийнхөө, тэс өөр орчинд оччихдог доо” 

Нээрээ л түүний хөгжим тоглож байхыг харахад энэ гаригийн хүн гэж санагддаггүй шүү кк.

Өөрийнхөө ертөнцөд зочлуулсан Түвшинсайхандаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ