Миний ертөнц: Монгол гэдэг өрөөг тохижуулах үүрэг авбал бүхнийг эхнээс нь эхэлнэ.

Гоё сайхан эмэгтэйчүүдийг дурлан харах бүртээ яг юу нь тийм гоё, сайхан байгааг тодорхойлж мэддэггүй байлаа. Харин юм юмыг ойлгож, ухаарах тусам “Өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байгаа эмэгтэйчүүд л тийм үзэсгэлэнтэй харагддаг юм байна” гэдгийг ойлгосон юм. Яг л тийм үзэсгэлэнтэй харагддаг нэгэн бүсгүйн ертөнцөөр өнөөдөр аялцгаая.

Австри улсын Вена хот. Гайхамшигт сонгодог урлагийн оронд амьдарч буй Венийн их сургуулийн оюунтан Энхсаруулын өвөрмөц хэв маягтай хувцаслалт, өөрийнхөөрөө байгаа дүр төрх нь цаанаа л дур булаам.

Гэр гэдэг дулаахан, тав тухтай байх ёстой гэж үздэг тэрээр оюутан болж ганцаараа амьдрах болсон үеэсээ эхлэн гэрээ жинхэнэ өөрийн хүссэн хэв маягаар тохижуулжээ.

Түүний ертөнцөд, түүний өрөөнд хором зуур саатмаар санагдана. Яагаад ч юм эрх чөлөө үнэртсэн, өөрийнхөөрөө байж болмоор тийм л орчин…

Таалагдсан эд хогшилоо цуглуулахад ойролцоогоор сая төгрөг зарцуулсан. Дараа нь эдлэх сэтгэлийн ханамж бол хэдээр ч үнэлэхийн аргагүй биз ээ.

Гэртээ хөгжмөө чангалаад дураараа бүжиглэхдээ тэр хамгаас дуртай. Дуртай дуу хөгжмөө сонсонгоо ямар ч ажлыг хийхэд урамтай.  “The Smashing Pumpkins” хамтлагт анх дурлаж, хөгжмийн гайхалтай сайхныг мэдэрсэн бүсгүй одоо бол таалагдсан бүх л хөгжмийг сонсоно.

Тансаг тавилга, орд харш шиг байшин л хүнд тав тухыг бэлэглэдэг гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ тухгүй санагдаж мэдэх… Энэ жижигхэн гэрийн эд, эс бүхнийг харах тусам Монгол улсыг өрөө хэмээн төсөөлөөд тохижуулах хүнээр нь энэ жижигхэн бүсгүйг тохоон томилмоор санагдана.

Харин тэр эх орондоо үргэлж яардаг. Тоос, утааны асуудлаас хамгийн түрүүнд салгах юмсан гэж хүснэ. Монголоо тохижуулах үүрэг авбал бүх зүйлийг нь эхнээс нь шинээр янзлах юмсан гэж шүүрс алдав. Хүн ардын ухамсар, боловсрол энэ бүх зүйлд хамгийн том нөлөөтэй, тийм ч учраас боловсролын чиглэлээр суралцдаг гэнэ билээ.


Энгийн атлаа өвөрмөц, эмэгтэйлэг хэрнээ чөлөөтэй харагдуулах түүний сонголтууд…

Аялалд явах бэлтгэл…

Энхсаруул бүсгүйдээ өндрөөс өндөр амжилт хүсье. Түүний ертөнц надад лав таалагдлаа. Бас өөрийнхөө жижигхэн ертөнцийг ч хүссэнээрээ тохижуулах чин хүсэл төрлөө. Харин танд ямар мэдрэмж төрөв?

Хэрэв бүсгүй та, өөрийн ертөнцөөс хуваалцахыг хүсвэл бидэнд хандаарай. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ