Илгэн хувцсаа хэрхэн арчилж, шинэхэн юм шиг байлгах вэ?

  1. Хамгаалалт

Илгэн эдлэлийг шинээр нь аваад өмсөхөөсөө өмнө зориулалтын хамгаалагчийг хэрэглэхийг зөвлөж байна. Хамгаалагч гэдэг нь зориулалтын шингэн бөгөөд илгийг хурдан халцрахаас урьдчилан сэргийлж, ус тогтохгүй болгож, эдэлгээг нь уртасгадаг нэгэн төрлийн ангижруулагч юм. Энэ төрлийн хамгаалагч нь төдийлөн элбэг биш бөгөөд голдуу Итали, Герман, Турк зэрэг улсад үйлдвэрлэгдсэн Европийн стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд нь өндөр чанартай байдаг. 

  1. Зориулалтын цэвэрлэгч

Зориулалтын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх нь илгэний анхны өнгийг хадгалж, гүн цэвэрлэгээг хийж өгдөг. Зориулалтын цэвэрлэгч гэдэг нь хялгасан, резинэн болон зарим тохиолдолд маш зөөлөн, нарийн төмөр утсаар хийсэн сойз болон цэвэрлэгч шингэний иж бүрдэл юм.

Зарим хэрэглэгч зориулалтын сойзоор цэвэрлэчихээд шингэн цэвэрлэгчийг ойшоодоггүй тал бий. Сойзоор илгэнд нэвчсэн тоос шороог авч, үсийг нь босгох бөгөөд шингэн цэвэрлэгчээр өнгийг нь сэргээж өгдөг. Шингэн цэвэрлэгч нь хар, бор, өнгөгүй байдаг. Хар бороос бусад ямар ч өнгийн илгийг өнгөгүй шингэнээр цэвэрлэж болно.

Шингэн цэвэрлэгчийг илгэн гадаргуугаас 15-20см зайтай барьж шүршээд, ойролцоогоор 30 минут орчмын дараа та тухайн хувцас, гутлаа өмсөх нь тохиромжтой. Хамгийн гол нь тогтмол, болж өгвөл орой бүр цэвэрлэж байх хэрэгтэй. Пролон болон зориулалтын бус цэвэрлэгч шингэнийг ашиглах нь илгийг цэвэрлэхэсээ илүү халцруулдах аюултай.

  1. Шингэн зүйлсээс хол байлга

Илгэн эдлэлийг шингэн зүйлээс хол байлгах шаардлагатай. Санаандгүй байдлаар цай, кофе зэргийг асгасан тохиолдолд илэг халцрах бөгөөд цэвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс цас, бороотой үед илгэн гутал болон хүрэм өмсөхгүй байх хэрэгтэй.

Илгэн гутлыг ууранд барьж цэвэрлэдэг

Цаг агаар ойр ойрхон огцом өөрчлөгдөж, нойтон цас, бороонд, хайрга чулуутай газраар явах нь бидний гутлын савхинд тун муугаар нөлөөлдөг. Үргэлж цэвэр сайхан гуталтай явахын тулд түүнийг өдөр бүр арчилж цэвэрлэж байх хэрэгтэй.

Юуны өмнө гутлын тосыг зөв сонгох хэрэгтэй. Гутлын тосонд амьтны тос, лав, будаг, шингэлэгч зэрэг олон бодис агуулагдана. Тэд бүгд нийлээд гуталны савхийг цэвэрлэж, өнгө оруулж, тэжээллэг бодисоор хангаж байдаг. Давирхайн шүүс зэрэг байгалийн шингэлэгч хэдийгээр бохирдсон хэсгийг сайн цэвэрлэх боловч гутлын савхийг хатаадаг дутагдалтай. Давирхайтай тос нь хурц үнэртэй байдаг. Ийм гутлын тосыг өдөр тутам өмсдөг гутланд хэрэглэвэл зохино.

Лаваар хийсэн гутлын тос бараг үнэргүй, гэхдээ зөөлөн савхин гутланд л зохино. Маш нимгэн, сайн чанарын арьсаар хийсэн үнэтэй гутал өмссөн хүн цас, бороонд явахгүйг хичээх нь мэдээж. Тэгэхээр лавын нимгэн түрхсэн тос хангалттай хамгаалалт болдог.

Спиртэнд тулгуурлаж хийсэн гутлын тос ч бий. Түүнээс мэдээж, спирт ханхална. Ийм тос гутлыг цэвэрлэх боловч хамгаалалтын давхарга үүсгэдэггүй.

Гутал цэвэрлэх ажиллагаанд тодорхой дараалал хэрэгтэй. Гутлыг орой, унтахын өмнө цэвэрлэж, тослох нь зүйтэй. Гутланд түрхсэн тос арван цаг орчим хугацаанд арьсанд шингэдэг. Ингэж сайн шингэн, хамгаалалтын давхарга үүссэн бол савхинд чийг, шороо, шавар нөлөөлж чадахгүй. Саяхан түрхсэн тос нь удалгүй арчигдан алга болдог тул ямар ч ач тусгүй. Нойтон гутлыг халуун пар, зуухны дэргэд тавьж хатааж болохгүй. Дулаан, хуурай газар олж, гутлыг алчуураар сайтар арчиж тавина. Норсон, чийгтсэн гутланд хуучин сонин чихвэл амархан хатаж, хэлбэрээ алддаггүй сайн талтай.

Илгэн гутланд сүүлийн үед ус, шорооноос хамгаалах бодис шингээдэг болсон. Илгэн гутлыг тусгай зориулалтын хаймраар үрж цэвэрлэдэг. Толбо арилахгүй бол зүлгүүр цаасаар маш болгоомжтой үрж цэвэрлэнэ. Норсон илгэ хатуурдаг тул илгэн гутлыг цэвэрлэхдээ норголгүй, халуун ууран дээр барьж цэвэрлэдэг. Гутал дээр давсны цагаан зураас харагдах нь их эвгүй. Түүнийг арилгахын тулд 500 мл усанд нэг хоолны халбага уксус найруулж, гутлаа арчаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ