Зөв хөхний даруулга сонгох 3 алхам

Хөхний даруулгыг буруу сонгох нь бүсгүйчүүдэд тулгардаг гоо сайхны түгээмэл асуудлуудын нэг. Хөхний даруулгаа зөв сонгох нь эрүүл хөхтэй байхын үндэс болдог.Тиймээс дотуур хувцасаа сонгохдоо анхааралтай, хариуцлагатай хандаж зөвхөн размер төдийгүй өөрийн биеийн хэрэгцээ, онцлогт тохирсон эсэхийг анхаарах нь чухал байдаг. Мөн цээжний тойрог, аяга болон мөрний уртыг сайтар тохируулах шаардлагатай.

Алхам нэг – Цээжний тойргийг тохируулах

Хөхний доогуур цээжний тойргоо хэмжээд гарсан үр дүнгээс нь хэдэн сантиметрийг хасч тавт, аравтаар тэнцүүлнэ. Жишээлбэл таны цээжний тойрог 78 см байвал багасгаад 75 см гэж үзнэ. Энэ бол таны хөхний даруулганы цээжний тойрог юм. Гэхдээ энэ үзүүлэлт таны биеийн өөхөн эдийн зузаан, хавирганы байрлал зэргээс хамааран өөрчлөгдөж болохыг анхаарна уу. Биед тохирсон хөхний даруулга дээшээ хөөрдөггүй, харин хөхийг сайн өргөж тогтоодог. Монголд түгээмэл хэрэглэгддэг цээжний тойргийн хэмжээ нь 70, 75, 80, 85 юм.

Алхам хоёр- Аяганы хэмжээг тохируулах

Хөхний даруулганы аягыг сонгоход доорх аргыг хэрэглэх нь зүйтэй. Та өөрийн хөхний тойргийн /хөхний дунд хэсгээр хэмжих/ хэмжээнээс цээжний тойргийг хасаарай. Гарсан үр дүн нь 12-14 см байвал аяганы хэмжээ A, 14-16 см байвал B, 16-18 см байвал C, 18-20 см байвал D, 20-22 см байвал E, 22-24 см байвал F, 24-26 см байвал G, 26-28 см байвал H размер гэж үзнэ. Монгол бүсгүйчүүд ихэвчлэн B,C,D размерын аягатай хөхний даруулга зүүдэг. Биед таарсан аягатай хөхний даруулга нь хөх хуваагдаж харагдах, суган доор илүү мах унжих, хөхний хэлбэрийг өөрчлөн хажуу тийш шахах зэрэг асуудал үүсгэдэггүй.

Алхам 3 – Мөрний уртыг тохируулах

Сайтар тохируулсан цээжний тойрогтой хөхний даруулга хөхийг өргөж тогтоодог бөгөөд мөр бол зөвхөн түүний гүйцээлт юм. Мөр бага зэрэг чанга татагдсан, арьсан дээр ором үлдээдэггүй, мултарч унждаггүй байх ёстойг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ