Завгүй ээж: Өвөл айсуй! Өөрсдөө эсгий оймс, бээлийгээ хийцгээе.

Хагас жил орчим завгүй ээжийн булан ажилласангүй. Энэ хооронд завгүй ээж маань мэдээж л хийж бүтээсээр, оёж шидсээр, зохиосоор, бичсээр, урласаар, сургалт зохион байгуулсаар зав, зайгүй өнгөрөөсөн. Зуны дулаан улиралд хийсэн бүтээсэн тухай удахгүй оруулна аа.

Өнөөдрийн дугаартаа “Өвөл айсуй” тул үр ач нартаа урласан эсгий урлалынх нь талаар оруулж, завгүй ээжийн бүсгүйчүүддээ хүргээрэй гэсэн заавар хичээлийг дамжуулъя.

Бидэнд ноос хэрэгтэй.  Мөн савтай ус, саван, хийх гэж буй зүйлийнхээ хэлбэрийг гаргасан эсгүүр байх хэрэгтэй. Эсгүүрээ хулдаас болон биетэй материал ашиглан, тухайн бодит хэмжээнээс арай томоор гаргана.

  1. Ноосоо ширхэгээр нь салган, татах маягтайгаар сунгаж, зулж тавина. 
  2. Нэг үе яваад ширхэгээ зөрүүлэн дахин нэг үе явна. Энэ маягаар хэр зузаан оймс, бээлий хийхийг хүсч байна, түүнийхээ дагуу үеэ давхарлан өрнө. Гол нь байн байн  хуруугаараа дарж үзээд, маш нямбай зулах хэрэгтэй. 
  3.  Хүссэн зузаандаа хүргээд ахин нэг шалгаарай. Дундаа нүхтэй, элдэх явцад цоорохоор нимгэн газар үлдчихсэн байх вий!!! 
  4. Завгүй ээж маань гутлын дотуур өмсөх оймс хийх гэж байна. Тиймээс бэлдсэн ноосон дээрээ оймсны хэвээ голлуулан тавина. Нэг хөлийн оймс хийхэд 2 хавтгай ноос бэлдэж тавих хэрэгтэй ба өөрөөр хэлбэл 2 оймсны 4 тусдаа ноос зулсан байна. Мөн эсгүүрийн хэмжээнээс нэлээд том хэмжээтэй зулаарай. 
  5. Дараа нь эсгүүрийнхээ хэлбэрийг дагуулан илүү ноосоо сэмлэх маягаар цэвэрхэн, зөөлхөн татаж авна. 
  6. Дараа нь усаа бага багаар асган ирмэг хэсгүүдийг нийлүүлэн, эсгүүрийн хэвийг дагуулан хэлбэрт оруулж эхэлнэ. 
  7. Эсгүүрийн хэвээ дагуулаад зурагт үзүүлсний дагуу хэлбэртэй болтол нь сайтар хумиарай. 
  8. Энэ нэг талаа нөгөө үлдсэн норгоогүй байгаа хавтгай дээрээ доош нь харуулан тавиад, яг ижил үйлдэл хийнэ. /Зөвхөн нэг хөлийнх гэдгийг мартав аа. Нөгөө хөлийн хэв тавьсан ноос хэвээрээ байгаа шүү./
  9. Усаараа сайтар норгоод, ноосоо хооронд нь нэгтгэнэ.
  10. Бэлэн болонгуут нь торон уутаар тойруулан, сайн боож, хумина. Ингэснээр эсгүүрийн хэвийг дагасан ирмэгүүдийн хэмжээ алдагдах, ноос энд тэндээ бөөгнөрөхөөс сэргийлнэ. Торон уут нь хувцас угаахдаа угаалгын машин ашигладаг тор байж болдог. Дараа нь бид яаралтай савандаж эхлэх хэрэгтэй. Гараа эргүүлэн дугуй хэлбэр үүсгэх маягаар элдэж эхэлнэ. Хэт хүчтэй үрэх, дарвал ноос нэг газраа бөөгнөрч, нэг газраа цоорч болно. 
  11. Завгүй ээж нэг хөлийнхийг савандаад, дараагийнх руугаа орсон байна. 
  12. Одоо харин хөл орох хэсгийг хайчаар хайчилна. Хэтэрхий том хайчилбал даравгар түрийтэй болно шүү. Багадуулбал хөл орохгүй болно. Тэгэхээр мэдрэмжээрээ хайчлаарай. Дараа нь гараа оруулаад дотор хэсгийг сайтар савандана. Сайн савандахгүй л бол ноос эсгийрэх аяндаа ороод, хоорондоо салахааргүй барьцалдаж орхино шүү. 
  13. Одоо бидний жинхэнэ эсгийрүүлэх, элдэх, нухах ажил эхэлнэ. Мушгираад, нугаларч  байна гэдэг нь жижигрээд, эсгийрч байна аа л гэсэн үг юм. Тиймээс аль хэсгээр илүү жижигрүүлэх шаардлагатай байна/ хөлдөө тааруулан/ тэр хэсгээ илүү сайн нухах хэрэгтэй. 
  14. Эхлээд л ийм аймаар том оймс болох юм уу? гэж бодогдоно ккк. Харин үрээд л байвал ийм жижиг болчихлоо гэж үү гэж гайхах болно доо. Өөрийн хөл, гарны хэмжээнд тааруулах хүртлээ сайтар нухаарай. 
  15. Охиндоо дулаахан эсгий шаахай хийгээд дууслай. Түрийтэй, түрийгүй болон ултай улгүй, янз бүрээр л хийж болно. Тэр бүрийн эсгүүр нь л бага зэрэг ялгаатай байх юм шүү. 

Завгүй ээжид маань гутлын хэв байхгүй тул шууд л хөлийг нь дүрүүлээд суулгачихсан. Хэлбэр гаргаж аваад, тэр чигт нь хатаачихад болдог.

Завгүй ээж ганган ач охиндоо арай л ганган эсгий шаахайг урлаж шүү. 

Ийм нугалдаг түрийтэйг харин ач хүүдээ…

Өвлийн бэлтгэл хангагдлаа…

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ