Завгүй ээж: Шинэ жилийн содон бэлгийн санаа \Яст мэлхий\

Нэг үеийг бодвол одоо цагт юм бүхэн хөгжин дэлгэрч, олдохгүй эд зүйл, чихэр жимс гэж байхаа больжээ. Гэхдээ үүний хажуугаар олдож байгаа юм бүхэн чанартай гэж бодоход бас бэрх болсон. Хугацаа дууссан, хортой бодис агуулсан, хүүхдийн биеийг алсаар нь муутгах…. гээд л элдэв янзын яриа чих дэлсэх нь ойр ойрхон.

Харин алс холоос ингэж хаана, хэн, хэзээ, яаж үйлдвэрлэсэн нь тодорхойгүй зүйлийг хэрхэн яаж, хэчнээн хугацаанд зөөвөрлөн, ямар орчинд, яаж, хэдий хэр хугацаанд хадгалсан нь тодорхойгүй хүнсээр бэлэг бэлдсэнээс  өөрөө хийнэ дээ гэж эх хүний  сэтгэлээр зовж суудаг завгүй ээж үр, ач нартаа дандаа л өөрийн гараар бүтсэн эрүүл бэлгийг бэлэглэх дуртай.

Мэлли хэмээх яст мэлхий тэжээдэг ач хүүгийнхээ бэлгэнд нэг ийм хөөрхөн зүйл сэдэж хийжээ. Үүнийг нэхэхэд ердөө нэг дэгээ зүү, нэхмэлийн утас хэрэгтэй. Мөн бага зэрэг синтифон байхад л хангалттай. Тийм их цаг хугацаа ч шаардагдахгүй. ТВ үзэж суухдаа ч юм уу нэг заваараа босон суунгаа л нэхэж орхино.

Яст мэлхий нэхэхдээ голоос нь эхлэнэ.Дэгээ зүүгээрээ тойруулан нэхнэ. Яст мэлхийний том жижгээс хамаарч тойруулан нэхэх тоо ч өөр өөр байна. Тойруулж нэхсээр “Мэлхийний хэмжээ боллоо” гэж үзмэгц дахин тойруулан нэхэхдээ бага багаар хумьж нэхээд хагас бөмбөлөг хэлбэртэй болгоно.

Дараа нь мөн өөр утсаар хавтгай дугуй нэхнэ.Энэ нь яст мэлхийний маань хэвлий гэж ойлгож болно. Түүний дараа 4 хөл, хөлнөөсөө арай том толгой нэхнэ.


Эцэст нь бүх нэхсэн деталлуудаа нэгтгэн нуруунд нь синтофоноо чихнэ. Бэлэн болсон яст мэлхийндээ тохирсон бяцхан нүд, бас  жижигхэн хэл,сүүл нэмж хийгээд яст мэлхий бэлэн боллоо. Ийм маягаар цох болон өөр ямарч тоглоомыг өөрийн гараар нэхэж үр,ачдаа бэлэглэж болно. Угааж цэвэрлэхэд хялбар, ээжийн эмээгийн сэтгэл шингэсэн бэлгэнд дургүй хүүхэд гэж үгүй биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ