Завгүй ээж: Шинэ жилийн гацуурханаа чимэх эрүүл тоглоомоо өөрсдөө хийцгээе.

Шинэ жил, шинэ он хаяанд ирлээ. Айл бүр ганган гацуур модоор гэрээ гоёж, үр  хүүхдүүд баясан хөөрөөд л аз жаргалын үнэр үнэртэнэ…

Завгүй ээж маань ач, зээ нартаа зориулж гацуурхандаа зүүх хөөрхөн тоглоомууд урлаад бас л завгүй. Бидний худалдаж авдаг ихэнх тоглоомууд хар тугалганы хольцтой эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ бага насны хүүхэд болгоомжгүй тоглоход хагарах, гэмтээх аюул байдаг. Иймд завгүй ээж бүх ач зээ нарынхаа гацуурханг эрүүл тоглоомоор дүүргэхээр шийдээд ихээхэн завгүй сууна.

Гацуураа ямар ч зүйлээр чимэж болно. Эсгий урлал, цаасан урлал, баримал гээд л…. Энэ удаа завгүй ээж маань хөөсөнцөр ашиглан хөөрхөн тоглоом урлах аргаасаа хуваалцлаа.

Хэрэглэгдэх зүйлс: Хөөсөнцөр, бал, цаасны хутга, цавууны буу, эмжээр хийх тууз, элдэв өнгийн торгоны өөдөс.

Эхлээд торгоны өөдсүүдээ сайхан индүүдэж бэлдэнэ.

Дээрх зориулалтын хөөсөн бөмбөг ширхэг нь 500 төгрөгөөр худалдаалагддаг. Дундуураа бүдэг зураас байх ба түүнийг балаар тодруулж зурна. Зураасны баруун зүүн талд бөмбөлөгний тэхий голд цэгүүд байна. Түүнийг олж тодруулаарай.

Тодруулсан оройн цэгүүдийг дайруулаад голын зураастай 90градус огтлолцохоор зураас зурна. Энэ огтлолцолын цэгээ томруулж тэмдэглэнэ.

Зураасаа ахиад голоор нь хуваагаад 8 тал болгож болно. Эсвэл 4 талаар нь ч хийж болно. Энэ удаа 8 тал болгож зурлаа. Дараа нь зурсан зураасаа цаасны хутгаар зүснэ.

Цаасны хутгаа 0,5 см хэртэй гаргана. Үүнээс урт, гүнзгий зүсэж болохгүй.

Дараа нь нэг талын хэмжээтэй цаасан хэв гаргаж аваад, түүгээрээ 8 хэсэг торгоо хайчилж бэлдэнэ. Ямар өнгө сонгох нь таны мэдэх хэрэг. Завгүй ээж 2 өнгө холихоор бодож 2 өнгийн торго бэлдлээ.

Зүссэн ормоороо торгоо чихэж оруулна. Цаасны хутганыхаа ар талаар чихээрэй. Тэгэхгүй бол торгоо урж орхино шүү. Бас торгоо сайхан татаад, нэг талаас нь хөөгөөд яваарай.

Завгүй ээжээр заалгаад урлахад үнэхээр урамтай юм аа.

Бөмбөг маань торгоор хувцаслаад ийм ганган болжээ. Одоо харин өнгө хослох туузаа сонгоод, зураасны дагуу хүрээ хийнэ.

Туузны нэг үзүүрийг бөмбөлгийн ёроолд барьж, халуун цавуугаар наана.

Ингээд зураасны дагуу туузаа татан, 2-3 газар халуун цавуугаар тогтоон нааж, тойруулна.

Хамгийн сүүлийн цэг дээр ахин цаавуугаар бэхлэнэ. Одоо гацуураас зүүх уяаг бэхэлнэ.
Уртын хэмжээгээ тооцож туузаа таслаад, үзүүрийг нь наана.

Нэг талын туузыг нөгөө талыг нь тойруулах маягаар цавуугаар наана.

Ингээд боллоо.

Завгүй ээж ийм хээнцэр тоглоом ч бас урлажээ.

Хагарахгүй, хар тугалга ялгаруулахгүй, хөөрхөн, хөнгөхөн, өнгөлөг, өхөөрдөм тоглоомуудаа урлаад байж дээ, бүсгүйчүүд минь. Сайн сураад байвал завгүй ээжид зааж өгөх зүйл олон байгаа шүү.

 

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ