Завгүй ээж: Хуучин сонингоо шатаалгүй сагс хайрцаг сүлжиж сурцгаая!

“Гал асаахад сайхан юм” гэсээр тэвэр дүүрэн сонин барьж ирсэн завгүй ээжийн дүү 3 хоногийн дараа ахиж ирэхдээ ухаан алдах шахаж л дээ. Аль хэдийнээ галд орсон гэж бодсон сонингийн цааснууд нь амилаад тун ч хөөрхөн сагснууд болсон байхад тэгэлгүй ч яахав кк.

Завгүй ээж гэж харсан бүрээ амилуулж, хүрсэн зүйл бүрээрээ бүтээж суудаг хүн өнөөх сонингийн цааснуудтай 3 хоног нөхөрлөөд өчнөөн олон сагс сүлжиж орхижээ.

Нарийнхан урт төмөр эсвэл мод, цавуу байхад л үүнийг хийж болно.

Эхлээд сонингуудээ ижилхэн урттай болгож хайчилж бэлдэнэ.

Түүнийгээ нарийхан модоороо ороож, гуурс хэлбэртэй болгоод, төгсгөл хэсгийг нь цавуудаж тогтооно.

Буцаж задрахаар сул ороож болохгүй шүү.

Ингээд олон ширхэг цаас хуйлан бэлдээд авбал сагс сүлжих ажлынхаа тал хувийг л амжууллаа гэсэн үг. Сагсныхаа суурийг гаргаж аваад, хоорондуур нь гүйлгэж сүлжиж эхэлнэ. Хэр өндөртэй, хэр өргөнтэй, туялзсан, нарийссан, өргөссөн ямар хэлбэртэй байхыг гагцхүү таны уран сэтгэмж мэдэх буй за.

Таг хийгээд талхны саваа ч болгож болно. Жимс, жимсгэнэ ер юу л бол юу л хийхэд тохиромжтой.

Завгүй ээж маань халуун савнаас ч өндөр, хачин том сагс сүлжсэн байна билээ.

Дүүгий авчирсан сонингууд ийм болжээ. Ирсэн зочид гийчдэд жимс дүүргээд өгөхөд баярлах байх даа.

Мэдээж хэрэг сонингийн цаас усанд норж, амархан зөөлрөх аюултай. Үүнийг хэрхэн шийддэг вэ? Акрилан цагаан будгаар эхлээд будаж сонингийн эрээн өнгийг дарна. Үүнийгээ нэлээд олон давхарлаад дараа нь зурагтай амны цаас зэргийг ашиглан чимэглэж болно.

Завгүй ээж маань алтан өнгийн акрилан будаг мөн жижигхэн зурагнуудыг ашиглаж өнгөлөг хөөрхөн болгож чимжээ.

Дараа нь сайтар лакдаж хатаана. Ингэснээр бидний хийсэн сагс илүү амь бөхтэй, эдэлгээ нь уртсах юм байна шүү.

Энэ талаар шинэ жилийн дугаарт үзүүлсэн декупаж хийх  Оргилуун дарсаа чимэглэе хичээлээс дэлгэрэнгүй сураарай.

Сурсан зүйл хүнд хэзээд хэрэг болно шүү. Хүүхэд тань улаан малгайт болох гээд сагс хайж захаар хэсэхийн оронд хуучин сонин, цаасаа ашиглаад хийчихэж чадахаар боллоо. Амжилт хүсье, та нартаа.

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ