Завгүй ээж: Хонины бүтэн мах эвдэх зуураа залуучуудад зааж өглөө.

Өвлийн хүйт орж айлууд идэш, тэжээлээ бэлтгэн завгүй…

Завгүй ээж маань ч бас өвлийн идшээ худалдан авч, жижиглэн янзлаад нэг том ажлын ард гарчээ. Саяхан цахим ертөнцөөр “найз залуу тань мах эвдэж чаддаг байх ёстой юу” гэсэн бичлэг охидын дунд тархаж, завгүй ээж маань ч бас үзээд амжсан. Ажил мэргэжлийн онцлог, өөрийн сониуч зангаасаа болоод ч тэрүү завгүй ээж аль бага байхдаа л мах эвдэж сурсан гэдэг. Тиймээс эр эм гэлтгүй залуустаа мэдээд аваг гэсэн үүднээс энэ удаагийн буланг бэлтгэлээ.

Завгүй ээж нь хонины мах хэрхэн жижиглэж хуваахыг тоймлон үзүүлье.

  1. Ямарч махыг маш сайн угааж цэвэрлэх хэрэгтэй. Байрны айлууд бол угаахад хэцүү биш. Энэ удаа завгүй ээж гурил зуурч түүгээрээ махны гадар хэсгийг хичээнгүйлэн сайн арчлаа.

Ийм л их хогтой байдаг. Тиймээс сайн арчиж, цэвэрлэсний дараа жижиглээрэй.

Бөгс махаа аарцгаар нь хоёр хэсэг болгон салгана. Ингэхдээ аарцагны мөгөөрсөн ясаар хуваана. Манай ахмадууд нэг ийм заншилтай байж. Энэ аарцаг ясыг салгахдаа төрөх насны бүсгүйчүүдээр салгуулдаггүй, гэрт буй эр хүн энэ үйлийг хийдэг.Тэгэхдээ аарцагны тэр салгах хэсэг дээр цагаан өвс тавиад “чамайг салгасангүй ээ цагаан өвс тасаллаа” хэмээн сэтгэлдээ шившээд салгадаг байсан гэдэг юм билээ. Энэ хэдий дом шинжтэй ч сэтгэлд сэвгүй санагддаг.

2. Цэвэрлэсэн махаа битүү туламлан шулж мах ясыг салгаж болохоос гадна мөч бүрээр салгаж ч бэлдэж болно. Энэ удаа Завгүй ээж дараах байдлаар бэлдлээ. Эхлээд хонины махаа бөгс, цээж болгон хуваалаа. Хонины махыг цээж бөгс болгон хуваасны дараа хаагаа дал, харьт, богц хэмээн тус бүрээр  салгана. Гуяа сүүж, дунд чөмөг, шаант чөмөг хэмээн бас салгана. Өвчүүгээ хавирганаас хадаж авсны дараа голын хамгийн өндөр дөрвөн хавиргыг , мөн бусад хавиргыг салгана. Нуруу, сээр, хүзүүг мөн тус бүрээр салгана.Нурууны мах, Сээрний мах, гуяны мах, гол мах хамгийн зөөлөн байдгийг та нар маань мэдэж байгаа биз ээ.

Өвчүү хадаж эхлэх үе.

Өвчүүг хадаж авч буй нь

Өвчүү. Энэ удаа өвчүүний хормойг бараг авсангүй.

Голын хамгийн өндөр 4 хавиргыг салгаж буй нь…

Хавиргаа хадахдаа мөгөөрсөн хэсгүүдийг олж салгана. Хаа хамаагүй газраар хугалж авч болохгүй.

Дөрвөн өндөр хавиргаа нуруунаас хадаж авч буй нь

Хаа махыг салгаж буй нь

Дал, харьт чөмөг, богтос чөмөг

хүзүүг салгаж буй нь

Нуруунаас хавиргуудыг мөгөөрс тааруулан хадаж авч буй нь

Хоёр гуяыг салгаж буй нь

4. Сүүжний хажуугаар гуяыг салгаж буй нь

Нуруу

Шаант буюу шагай чөмөг. Яг энэ харагдаж байгаагаар нь залаатай нь авсан шаант чөмөг хэмээн хэлнэ.

Дунд чөмгийг сүүжнээс салгаж байна

Сүүж салгасан байдал.

Жич: Завгүй ээжийг махаа бэлдэж байх үеэр амжиж зураг авсан болохоор зарим нэг зураг тодорхой сайн гараагүй бол хүлцэл өчье.

Хэрэв залуус та мах эвдэж чаддаггүй бол нэг удаа өвөө, эмээ, ээж, аав эсвэл махны худалдаачин дээр очоод ч хамаагүй мах эвдэхийг өөрийн биеэр хийгээд үзээрэй. Ёс ёмбогор, төр төмбөгөр… Мах эвдэхдээ хүртэл ухаан зардаг монгол түмний үр сад байна даа, ёсоор нь эвдээд сурчихад сайхан шүү дээ.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ