Завгүй ээж: Оргилуун дарсаа гангалж, хайртай хүмүүстээ бэлэглэлээ \Декупаж\

Завгүй ээж үнэхээр цаг хором бүрийг завгүй өнгөрүүлэх юм. Уншигч бүсгүйчүүд та бүхэндээ завгүй ээжийн хийж буй бүхнийг хүргэхийн тулд бүр л завгүй ажиллах хэрэгтэй болох юм даа 🙂

Саяхан завгүй ээж маань том гэр бүлийн шинэ жилээ тэмдэглэж, үр ач, хүүхдүүд дүү нараа өөрийн урласан бэлэг сэлтээр зөндөө их баярлуулсан. Түүний нэг бол томчуудад бэлдсэн ганган төрхтэй оргилуун дарсууд байлаа. Ингээд хэрхэн яаж ДЕКУПАЖ буюу шил, сав, шаазан эд зүйлийг чимэглэх тухай хичээлээ хүргэж байна.

Декупаж хийхэд:

  1. Порлон \янз бүрийн хэмжээтэй\
  2. Багс
  3. Тарган цавуу
  4. Акрилан будаг
  5. Лак
  6. Элдэв гоё зураг бүхий салфетка
  7. Мэдээж дарс буюу чимэглэх гэж буй эд зүйл маань хэрэгтэй. Дарсны хувьд шошготой байдаг тул халуун бүлээн усанд тодорхой хугацаанд байлгасны дараа шошгийг цэвэрхэн хуулж аваад гоёход бэлэн болгож, хуурай болтол нь арчина.
  8. Төрөл бүрийн гоё зурагтай салфетканууд хэрэг болно. Завгүй ээжийн цуглуулга маш өргөн сонголттой юм аа.

Шинэ жилийн баяр учраас эдгээр салфеткаар хийхээр сонгосон байна.

Шилээ хамгийн эхлээд акрилан цагаан өнгийн будгаар будна. Хөвөндөө бага зэрэг шингээж, хөнгөхөн тогших маягаар бүх гадаргууг будах ба давхарлаж, нялцайлгах гэсний хэрэггүй. Учир нь энэ үйлдлийг та доод тал 4-6 удаа хийх хэрэгтэй болдог.

Эдгээр акрил, лак зэрэг хэрэглэгдэх зүйлүүдийг уран зургийн мэргэжлийн дэлгүүрүүд болон гар урлалын дэлгүүрээс худалдан авч болно. 

Зургаас эхний 3 дарс нь нэг удаа будсан харин сүүлийн 4 дэх дарсыг 2 удаа давхарлаж будсан ялгааг харж болно. Эцсийн дүндээ шаазан мэт гөлгөр цагаан гадаргуу болгох ёстой гэж ойлгоорой. 

2 болон 3 давхарласан үеийн ялгаа. Нэг үе давхарлаад маш сайн хатаах хэрэгтэйг анхаараарай. Хэрэв хатаалгүй давхарлаад явчих юм бол будаг маань хуулраад замын дунд бүтэлгүйтнэ шүү. 

Акрилан будгаар давхарлаад болсон гэж үзвэл одоо үүн дээрээ салфеткаа наана. Салфетка маань 2-3 давхар байдаг тул үеэр нь салгаж зөвхөн зурагтай хэсгийг наана. Ахиад давхар үе үлдсэн эсэхийг маш сайн шалгаарай.  Салфеткаа гялгар уут \хатуу материалтай\ дээр доош нь харуулж тавиад ар тал дээр нь цавуу түрхэх ба үүнийгээ шилэн дээрээ наана. Тэгээд гялгар цаасаа маш аажуухан хуулж авна.

Анхлан сурагч нарт шууд том шилэн дээр наах нь бага зэрэг төвөгтэй учраас сурвалжлагч миний бие жижигхэн аягаа чимэглэж сурч байгаа юм. 

Харин завгүй ээж бүтэн салфеткаа эвтэйхэн гэгч нь нааж орхилоо.

Ингээд наачихвал цавуугаа хатах хүртэл ахиад хүлээнэ. Ер нь декупаж хийнэ гэдэг будна, хатаана, будна, хатаана… гээд л маш олон давхарласан хөдөлмөр байдаг юм байна лээ шүү.

Цавуу хатсан байвал лакдах буюу өнгөлөгөөний ажил эхэлнэ. Ашиглаж буй порлоноо дандаа угааж хэрэглэж байгаарай. Хөнгөхөн бүх гадаргууг лакдаад хатаана. Энэ үйлдлийг доод тал нь 10 удаа хийж байж гөлгөр сайхан гадаргуутай болно оо. 

Оргилуун дарснууд бэлэн боллоо. Хамаагүй хөөрхөн харагдаж байгаа биз.

Бас ингэж оргилуун дарс буудаж байгаа мэд чимэглэж ч болно. Аливаа зүйлийг хийх тусмаа сайжирдаг шүү дээ. Өөрсдөө сэтгээд янз бүрээр чимэглэж болно.

Зөвхөн шил ч би хайрцгийг хүртэл чимж болно гэж завгүй ээж хэлсэн. Шилийг бодвол олон давхарлах шаардлагагүй тул илүү хурдан чимэглэж дуусна.

Бэлгээ ийм хайрцагт хийж өгөвөл ямарав дээ? Хүн бүрт инээд хөөр, аз жаргал бэлэглэсэн сайхан баяр дөхсөөр байна. Урлан бүтээх, ухаарах олон сайхан сэдлийг төрүүлдэг ЗАВГҮЙ ЭЭЖ-дээ баярлалаа. Ирэх онд ч бас бүсгүйчүүд бидэнтэйгээ хамт байгаарай.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ