Завгүй ээж: Ногоо, цагаа, гурилаа эргэлдүүлэн гал тогоог эзэгнэсэн нь

Гадаа намрын сэрүүн орсон энэ өдрүүдэд ихэнх ээж, эмээ нар маань гэртээ галаа өрдөх зуураа боов боорцог хайрч, гэдэс дотор чанасан шиг суугаа байх даа. Завгүй ээж маань ч бас гал тогоондоо эргэлдсээр нэг ч хором зүгээр суусангүй.

Завгүй ээжийнхэн орой бүр сүү хөөрүүлэн тавьж, өглөө шинэхэн өрмийг нь амталдаг заншилтай. Харин завгүй аав хариуцаж хөөрүүлсэн өчигдрийн сүү өнөө өглөө өрөм биш гашилсан сүү болчихсон байж. Тэгэхээр нь завгүй ээж бодож л дээ. Шар сүүг нь уугаад, ээдмийг нь авч шар луувангийн нухаштай холиод ач нартаа идүүлэх үү?  Ээдмээ буцалгаад ээзгийтэй болох уу? Эсвэл… Ингээд Завгүй ээж шар сүүгээ таслан авч бага зэрэг бүлээсгээд,  нэг амны халбага эсгэгч хольжээ. Бас 2 амны халбага давс, 4-5 амны халбага элсэн чихэр нэмж хийгээд, дээр нь өтгөвтөр ээдмээ хийж хутгаад гурил зуурав. Дусал ч ус ороогүй боорцог хийхээр шийдсэн хэрэг л дээ. Боорцогны чамартаа/ зарим нутагт боорцогны зуурмагийг ингэж нэрлэдэг/  2-р гурил хэрэглэсэн. Ингээд таглаад дулаан газар 30 орчим минут байлгасны дараа гурилаа сайтар нухаад, элдээд, зүсээд чанасан.

h4-5Чанахдаа энэ удаа ургамлын тосонд чанасан.

h4-6Ингээд л амтат гэрийн боорцог бэлэн болов.

h4-12

Завгүй ээж боорцгоо дуусгаад амрах гэсэнгүй. Баз дүү нь ургацаа хураагаад шуудай төмс, шуудай лууван бэлэглэсэн тул шуудхан л төмсөө арилгаж, чанахыг нь чанаж, шарахыг нь шарж авав.

h4-11Арилгаж угаасан төмсөө нарийн гонзгой хэрчиж, угаасны дараа усыг нь сайтар шүүгээд маш сайн халсан тосондоо бага багаар хийж шаргал өнгөтэй болтол/ бага зэрэг шаржигнуур/ шарав. Бэлэн болсон шарсан төмсийг хоолонд, хачирт хэрэглэж болохын зэрэгцээ дангаар нь амтархан идсэн ч сайхан.

Завгүй ээж хэсэг төмсийг хальстай нь чанаж, болсных нь дараа хальслаад хэрчиж хөргөв. Төмс, лууван хөрж байх зуур хүрэн манжинг мөн л хальстай нь чанаад хөргөж хальсыг нь арилган шоо дөрвөлжин хэрчив.

h4-2 Төмс хүнсний ногоонд буй амин дэм, эрдэс бодисыг өөртөө бүрэн дүүрэн ашиглая гэвэл аль болох хальстай нь, битүү саванд чанаж хэрэглэх хэрэгтэй гэж Завгүй ээж бас зөвлөсөн. Уг нь чанахаас жигнэх нь илүү үр дүнтэй гэнэ. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг чанахдаа эхлээд усаа маш сайн халаагаад халсан юм уу буцалсан усанд бүтээгдэхүүнээ хийж, чанавал тухайн бүтээгдэхүүний найрлага дахь уураг, амин дэм, эрдэс бодисын алдагдал бага байдаг гэнэ шүү.

h4-1

Хөрсөн төмсөө 2 хэсэг хувааж, нэгэн дээр нь  хүрэн манжингаа нэмж, давс, элсэнчихэр, сонгино, бага зэрэг нунтаг хар перц, ургамлын тосоор амтлаад сайтар/гэхдээ зөөлөн/ хутгана. Энэ салат дээрээ ногоон сонгино, яншуй зэргийг нэмбэл өвөрмөц амттай болно хэмээн Завгүй ээж зөвлөсөн шүү.  Ингээд Хүрэн манжингийн амтат салат бэлэн боллоо.

h4-9 Харин үлдсэн төмсөн дээрээ бага зэрэг шар лууван/хэрчилт нь мөн адил/, бага зэрэг тахианы мах/ Завгүй ээжийн хувьд эх орны будаагаар тэжээгдсэн Оргио тахиаг хэрэглэдэг гэнэ/ бага зэрэг сонгино, давс, перц, сахар зэргийг нэмж зөөхийгөөр амтлан төмсний салат хийв. Төмсний салатыг өөрийн хүссэнээр амталж, нэмж вандуй өргөст хэмх гэх мэт зүйлсээр дэлгэрүүлж болох хэдий ч эрүүл хоол хүнс хэрэглэе хэмээн боддог эзэгтэй нар минь лаазалсан, давсалсан, даршилсан зүйлээс аль болох татгалзах хэрэгтэй хэмээн Завгүй ээж зөвлөж байна.

Харин завгүй ээж маань төмснөөс аль болох татгалзаж байгаагийн хувьд луувангаа үрээд, бага зэрэг хар перц, сармис, давс, элсэн чихрээр амтлан луувангийн салат хийжээ.  Хөргөгчинд байсан хөлдүү баншаа хайруулын тавганд  ургамлын тос хийж эгнүүлэн тавиад, дээрээс нь ус хийж жигнэх маягаар шарсан банш болгов. Ингээд өнөөдрийн зоог бэлэн болох нь тэр.

h4-8 h4-7

Өө тийм. Завгүй ээж хэдхэн хоногийн өмнө хүнсний захаас улаан лооль авсан юм. Улаан ч гэж дээ ногоон л доо. Гэхдээ 2 дахин хямдхан. Түүнийгээ уутанд хийж, нар тусах газар өлгөөд хэд хонуулахад амтат улаан лооль болно. Үүнийг санхүүгээ сайн барьдаг эзэгтэй нарт зөвлөж байна шүү.

h4-4

h4-3

Завгүй ээжтэй өөрсдийн хийсэн амтат хоол зоогноос хуваалцахыг хүсвэл, манай хуудсаар дамжуулан холбогдоорой. Амжилт бүсгүйчүүд ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ