Завгүй ээж: Луувангийн икра ба амт гэж янзтай анхны Лазаня

Өвлийн хүйтэн өдрүүд өнгөрсөөр… Монголын минь өвөл нар гялбасан, өглөө бүхэн гэрэл гэгээтэй цаанаа л нэг өнгөлөг сайхан болдог гэдгийг зөвхөн монголдоо нарт хэлэхэд таатай байна.

Завгүй ээж маань эрүүл хүнсээ хэрэглэсээр… Луувангийн шүүс уухад зөндөө их үлдэгдэл гардаг учраас лууван ашиглаж болох хоол зоогоо хийсээр л…

Өнөөдөр юу хийснийг хамтдаа сонирхоцгооё.

Энэ удаа талхны амттай хольц болдог луувангийн икра хийлээ. Орох бүтээгдэхүүн нь 1.Шар лууван 2.Сонгино 3. Бага зэрэг сармис 4. 2ш лаврын навч 5.амны халбагаар 2 ургамлын тос, 6. бага зэрэг давс,сахар, хар перц. Ингээд л болоо.

Луувангаа арилгаж угаагаад үрүүр дээр үрж бэлтгэнэ. Харин завгүй ээжид маань шүүсийг нь шахаад үлдсэн асар их үрсэн лууван байгааг ашиглалаа.  Сонгино, сармисаа жижиглэн хэрчинэ. Хайруул дээр ургамлын тосоо хийж халаагаад лаврын навчаа хамгийн түрүүнд хийн үнэр, амтыг цогцлооно.

Дараа нь хар перц, сонгино сармисаа  хийнэ. Ингээд үрж жижиглэсэн луувангаа нэмж хийгээд сайтар хутгана. Бага зэрэг ус нэмж болно. Хэт ширүүн биш гал дээр жигнэж болгоно.

Гаргахаас өмнө давс элсэн чихрийг нэмж амтална.  Хүсвэл өөр юугаар ч амталж болно. Хурц чинжүү хийвэл час хийсэн амттай болно. Аливаа хоол зуушийг болгохдоо  шарж, түлэхээс аль болох зайлсхийн жигнэж болговол тухайн бүтээгдэхүүний найрлага дахь эрдэс, амин дэмийн алдагдал бага байхын зэрэгцээ хоол боловсруулах замын элдэв хурц өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Луувангийн икра, сармистай бинтэй идэхэд салахын аргагүй амттай даа.

Оройн зоогондоо Завгүй ээж маань Лазаня хийхээр бэлтгэв. Сүмс хийхэд зориулж улаан лооль хэрчиж бэлдлээ.

Харин бялсаг байгаагүй тул монгол бяслагаа ашиглаж үзэхээр шийдэж жижигхэн хэрчив. Завгүй ээж маань маш бүтээлч, элдвийг сэдэж хийхдээ тун гаргууд. Гэхдээ энэ бүхнийх нь багш ИНТЕРНЕТ байдаг гэдгийг дуулгая. Лазаня хийхдээ ч бас интернетээс жор харсан тул жорыг ахин энд оруулах нь илүүц биз ээ.

Герман хүнсний дэлгүүр сүүлийн үед хаа сайгүй байх болсон. Австрид суралцдаг байхдаа охин нь явуулдаг байсан хүнснүүдийг тэндээс авч болох тул Завгүй ээж маань үйлчлүүлэх дуртай. Лазаня хийдэг зориулалтын гурилыг ч мөн тэндээс авсан билээ. Гурилаа чанаж, хөргөөд листэндээ хийн, завсар хооронд нь сүмсээ хийнэ.

Бас сүү, гурилаар ийм завсар нь холих сүмс бэлтгэснийг интернет багшаас олж үзээрэй.

Завгүй ээжийн хийсэн анхны лазаня бага зэрэг үзэмжгүй болсон ч тун амттай байлаа. Завгүй аавын дуртай хоол нэгээр нэмэгдлээ дээ.

Өнөөх л луувангаа сүмсэнд оруулсан гэдгийг марталгүй хэлье. Лууванд дургүй хүүхэд багачуулдаа ийм маягаар лууван өгөхөө ч бас та нар мартуузай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ