Завгүй ээж: Зун цагийн чимэг зөөлөн даавуун цүнхнүүд

Завгүй ээжийн дараагийн урлал даавуун цүнхнүүд байлаа. Цагаан сараар торгон материалтай тансаг, дэгжин цүнхнүүд урлаж суусан бол урин дулаан цагийг угтаад даавуун, биед эвтэйхэн цүнхнүүдийг урлаж эхэлжээ.

Зүймэл даавуун урлалын талаар бүсгүйчүүд маань нэлээд мэдлэгтэй болж байгаа гэж найдаж байна. Эдгээр цүнхийг яг энэ л зарчмаар хийсэн.

Эхлээд сонгосон даавуунуудаа ижил хэмжээтэй зүсэж бэлдэнэ.

Дараа нь жижиг дөрвөлжин хэсэг бүрийг нийлүүлэн оёно.

Ямар хэлбэртэй, ямар хэсгүүдээс бүрдсэн байхыг таны л өөрийн хэв маяг шийднэ.

Боллоо гэж үзвэл даавуугаар цүнх хэрхэн оёдог билээ тэр жишгээр ёроол, дотор хийж, хүсвэл дотор халаас хийж болно.

Завгүй ээж маань тааран өмд ашиглаж хийсэн тул өмдний арын хармааг цүнхний хажуу талын халаас болгож чадамгай ашиглажээ. Үүн дээрээ өөрийн гараар хийсэн гэсэн лого, тэмдэгээ ч хадахаа мартсангүй.

Бариулыг цүнхнийхээ зориулалтаас хамаараад янз бүрээр хийж болно. Харин монголын нөхцөлд цахилгаантэй байвал дээр гэж завгүй ээж зөвлөж байна. Цүнхэндээ будаг шунхаа хийж авч явах жижиг цүнхийг бас оёжээ.

Гоо сайхны жижиг цүнхээ тууз, тороор чимэглэж эгдүүтэй дүр төрх бий болгожээ.

Бүсгүйчүүлдээ амжилт хүсье. Асуух зүйл гарвал сэтгэгдлээр бичиж үлдээгээрэй. Завгүй ээж хэзээд та нарын асуултанд хариулахдаа дуртай байна шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ