Жирийн монгол бүсгүйн жинхэнэ эрдэм юу вэ?

Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг. Энэ нь эртнээс эмэгтэй хүн айл гэрийн өнгийг мэддэг гэдгийг ухамсарлаж, охидоо онцгойлон хүмүүжүүлдэг байсны шинж юм. Эмэгтэй хүн болгонд багшлагч шинж байдаг. Тиймээс ч айл гэрийн эхнэр хүмүүс эр нөхрөө аливаа асуудлыг шийдэхэд нь ухаант үгээрээ түшиж, хүүхдээ “хүн” болгож төлөвшүүлэх хүндтэй үүргийг хүлээдэг юм.

1. Үргэлж инээмсэглэх-Чухамдаа жинхэнэ монгол эмэгтэй нь үргэлжийн мөнхөд инээмсэглэн, үзэсглэн гоо байвал зохино. Ямар ч гай зовлон , гарз хохирол тохиолдсон ч, уурласан бухимдсан үедээ ч аль болох тайван, цайлган байхыг эрмэлзэж, өчүүхэн ч болов үзэсгэлэн нэмэх инээмсэглэлийг нүүрэндээ тодруулж явбал монгол эмэгтэйг сайн талаас нь бусдад таниулах боломжтой. Гэхдээ өчүүхэн төдий инээмсэглэхээс биш, ширмэн тогоог гал хийтэл аальгүйтэн инээнэ гэсэн үг биш. Хэрвээ ингэж инээвээс монгол эмэгтэйг бусдад зах замбараагүй мэтээр төсөөлөхөд хүргэнэ.

2. Биеэ зөв авч явах- Эндээс үүдээд монгол эмэгтэйн хоёр дахь шинж болох олны дунд биеэ зөв авч явах асуудал гарч ирнэ. Олон нийтийн газар явж байхдаа учир утгагүй чанга ярилцах, бусдыг муучлах, гоочлох, хоорондоо хэрэлдэх, бохир заваан хувцас өмсөж явах, аалгүйтэн дэнжигнэх нь монгол эмэгтэйн шинж биш бөгөөд эгэл олонтойгоо мэндтэй устай, эвтэй найртай, тустай дэмтэй, намбатай, олны дунд биеэ зөв төвшин авч явах нь монгол эмэгтэйн бас нэгэн шинж болдог. Эхнэр хүний хүлээх ёстой үүрэг хариуцлаа бүрэн дүүрэн ухаарч, аливаа зовлонг нууж хаалгүй, арчаагүй муугаа олны өмнө харуулалгүй, гэр орноо цэвэр цэмцгэр байлгаж, хадмын талаа ихэд хүндэтгэн үзэж, халамжлан асарч, хүний сайныг олж нөхөрлөдөг, биеийн эрүүл мэнддээ анхаарал тавьж явах нь монгол эмэгтэйн шинж мөн.

3. Эелдэг зөөлөн ааш- Монгол эмэгтэйн хамгийн дээд зэргийн чимэг шинж бол эелдэг зөөлөн ааш мөн. Даруу зөөлөн харцтай, эвсэг яриа хөөрөөтэй, хүнд тусархүү, бусдыг хүндлэн үздэг зан шинж бол юутай ч зүйрлэшгүй үнэт чимэг юм. Монгол эрчүүд эмэгтэйн алт мөнгөнд бус, ааш занд нь дурладгаараа бусдаас ялгаатай байдаг.

Монгол эмэгтэйчүүд ариун цагаан сүү шиг, гэнэн цайлган, цагаахан сэтгэлтэй тул төлөв шулуун зантай, ичиж зовохоо мэддэг, эелдэг зөөлөн ааш зантай, цэвэр ариун бодол санаатай, шуналын сэтгэлгүй, өгөөмөр баян сэтгэлтэй, итгэл сүжигтэй, бусдыг өрөвдөж хайрладаг, хуурч мэхлэхийг боддоггүй, хулгай хийхийг цээрлэдэг. Харьцааны зөв соёлтой, бусдад тус хийхийг бодож байдаг, хэрэгтэй цагт эр зориг гаргаж чадах, цэвэр ариун үйлстэй байх энэ бүхэн монгол эмэгтэйн бие сэтгэлийн эрхэм дээд шинж мөнөөсөө мөн.

Монголчууд охиноо айлд өгөхдөө эхнэр хүний ямар байвал зохих эрдмийг дэлгэрэнгүй зааж сургаж явуулдаг заншилтай.

Эдгээр нь “Сайн эхнэрийн шинж”, “Сайн охины шинж”, “Эхнэр хүний есөн эрдэм” “Цээрлэх таван хориг” зэрэгт тун тодорхой тусгагджээ. Монголчууд “Эхнэр хүний есөн эрдэм”-ийг өвлөсөн эм хүмүүс төрхөмдөө буцдаггүй, өөрийн гэрт үлддэггүй гэж үздэг.

Эх хүний есөн эрдэм
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартанд буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм
1. Эр бусдыг сэтгэх
2. Атаа жөтөө өвөрлөх
3. Муу санаа агуулах
4. Харамч байх
5. Зохилдохгүй үйл үйлдэх.

Эрхэм сайн охины шинж
Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай охин сайн. Эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран бол эрхэм сайн охин мөн. Алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад ахас ихэсийг зэргээр хүндлэгч уур хилэнгүй охин сайн.

Асар муу охины шинж:
Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт асар их ууртай охин муу. Ачит эцэг эхээ сургахад уурлан ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгаад маш баясан айл хэсэгч охин муу. Үйл хийх дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх охин муу. Айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай аальгүй охин муу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ