Дэгжин гүнж нартаа хийж өгөх дэгжин үсний зүүлт :Завгүй ээж

Завгүй ээж өнөөдөр гүнж нартаа зориулаад маш дэгжин үсний зүүлтнүүдийг бэлдлээ. Даашинз, цамцныхаа өнгөтэй хослох олон төрлийн тууз, үсэнд тогтоох хавчаарууд, мөн шүдэнз, цавууны буу хэрэгтэй.

Олон өнгө хослуулан хийж болох ба туузаа сонгосон бол дөрвөлжин хэлбэртэй болгож хайчилна. Ингэхийн тулд туузныхаа ирмэгээс гурвалжин нугалж хэмжээ авна.

Туузаа хөврөхөөс сэргийлэн сэмрэх талыг заавал галаар тогтоож явахаа мартав аа.

Туузнууд бэлэн боллоо. Одоо  нэг дөрвөлжингөөр цэцгийн нэг дэлбээг нугалж хийнэ.

Эхлээд голоор нь нэг нугална.

Үүнийгээ ахин голоор нь нэг нугална.

Нугалснаа ахиад голоор нь нугалж нийлүүлэхэд ийм хэлбэр үүснэ. Яг энэ зурагт харагдаж байгаа шиг болсны дараа үүний эсрэг талын үзүүрийг хайчилна.

Хайчилсан хэсгээ галаар гүйлгэж сэмрэхээс хамгаална. Дараа нь цавууны буугаа ашиглан халаасан цавуугаар туузны ар талаа нийлүүлэн тогоох, эсвэл оёж ч болно.

Ингээд дэлбээнүүдээ бэлэн болгож дуусаад эвлүүлэхэд хөөрхөн цэцэг болох юм.

Хоёр өнгийн тууз давхарлан хийж ч болно. Мөн цэцэгнийхээ доор навч болгож ногоон эсгийгээр суурь хийх зэргээр өөрийн сэтгэмжээр загварлаж болно.

Завгүй ээж маань жижигхэн шүрээр зөгий хийж, нэлээд уран гоё дүрслэл бүхий чамин хавчаарыг урлажээ.

Хавчаарныхаа ард талд үсэнд тогтоогч нарыг төрөл бүрээр нь ашиглаж болно. Ширүүн үстэй охидод бол тогтвортой зүүлтийг сонгох хэрэгтэй. Мэдээж цавууны буугаараа амархан тогтоож болно. Харин төмөр хавчаарны өнгө ил харагдахаар тохиолдолд зүүлт хийсэн туузтайгаа ижил өнгийн туузаар бүрж өгвөл илүү цэмцгэр, үйлдвэрийн юм шиг болох болно.

Охиддоо үсний зүүлт, даашинз хувцсыг нь урлаад өгчихдөг ээжүүд хэчнээн мундаг билээ! Та нар ч бас оролдоод үзээрэй. Амжилт хүсье!

1 Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ