Далайн давалгаа мэт долгионтой үс

Үс янзалдаг бүхий л төрлүүдээс надад хэт их буржгар биш далайн давалгаа мэт долгионтой үс л хамгийн их таалагддаг. Учир нь үсээ ингэж янзалсан эмэгтэй илүү эмэгтэйлэг бас хэт хичээгээгүй цэвэрхэн харагддаг юм. Жийнс, цамц гэх мэт энгийн хувцаслалттай өдөр тутамд яг тохиромжтой. Хамгийн гол нь хийхэд тун амархан.

Хэрвээ чиний үс өөрөө долгионтой эсвэл хэвэнд орж буржийхдаа амархан бол үсээ угаачихаад тэр дор нь буржийлгавал хэт их буржийн сэгсийчихэж мэднэ. Гэтэл бид буржгар биш долгионтой үстэй болох гэж байгаа болохоор дээрх шиг төрлийн үсээ угаачихаад нэг хоносны дараа ингэж янзалвал зүгээр шүү. За ингээд ороож эхэлцгээе.

  1. Үснийхээ 2/3 хэсгийг дээшээ шууж тогтооно. Доор үлдсэн үснээсээ багахан хэсгийг аваад үснийхээ хайчны угаас үзүүр хүртэл нь налуу чиглэлтэйгээр үсээрээ орооно. Хайчаа 1-2 минутын турш үстэйгээ хамт барьж байгаад зөөлөн татаж аваарай. Зурган дээрх шиг богиновтор үстэй бол өргөн биш дунд зэргийн диаметртэй хайч хэрэглэвэл зүгээр. Харин урт үстэй бол өргөн байж болно.
    Дээшээ боосон үсээ бага багаар задлаад дээрх маягаар орооно. Энэ хэсгийг ороохдоо хайчаа минут орчим бариарай. Ингэвэл дээд доод хэсгийн долгион нь хүчтэйгээс суларч ууссан маягтай болно. Харин үснийхээ угийг ороолгүй түр орхиорой.
    Одоо үсээ хөвсгөр харагдуулахын тулд үзүүр хэсгээсээ авч эсрэг зүг рүү нь буюу дээшээ бага зэрэг самнаж өгөөрэй. Эцэст нь хэвээ удаан хадгалахын тулд цацдаг үсний вакс эсвэл үсний лакнаас хурууныхаа үзүүр дээр цацаж байгаад үснийхээ угаас эхлэх үзүүр хүртэл хуруугаараа гулгуулан бага зэрэг түрхэж өгөөрэй.
    Хэрвээ чиний үс долгиотой биш буржгар болчихвол энэ үстэйгээ унтаад маргааш өглөө нь сэрэхэд буржгар нь бага зэрэг буугаад долгионтой гоё болчихно. Миний хувьд үсээ угаагаад нэг хоносны дараа ингэж ороодог, дөнгөж угаасан үсэн дээр ч туршиж үзэж болохгүй гэх зүйлгүй.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ