АЛИВААД ТӨГС БОЛГОХ НЭГ ТҮМЭН ЦАГИЙН ХУУЛЬ

Аливааг нэг түмэн цаг хийснээр онцгой мэргэшдэг болохыг судлаачид тогтоожээ.

Энэ нь ердийн утгаар бол 10,000 цаг гэсэн үг. “Амжилт судлаачид” хөгжмийн сургууль дээр тухайлан судалгаа хийжээ.

Сэтгэл судлаач K.Андрес Эриксон Берлины хоёр хөгжмийн коллежид судалгаа явуулж хийл хөгжмөөр хичээллэдэг оюутнуудыг чадвараар нь гурав ангилсан байна. Нэгт, дэлхийн хэмжээний солоист буюу гоцлол хийлчин болох магадлалтай авьяаслаг хэсэг, хоёрт, eрөнхийдөө найрал хөгжимд олны хэсэгт тоглох боломжтой хэсэг, гуравт нь хөгжимд хайртай, хөгжмөөрөө амьдран гэсэн эрмэлзлэлтэй ч тийм сүрхий дадлагажаагүй бүлэг гэж хуваасан байна. Тэдгээр оюутнуудад “Хөгжмийн дасгалдаа долоо хоногт хэдэн цаг зарцуулдаг вэ?” гэж яг ижилхэн асуултыг тавьжээ.

images

Дээрх гурван бүлгийн дунд судалгаа явуултал сонирхолтой дүр зураг гарав. Хүүхдүүд ихэвчлэн 5-6 наснаасаа хийлээр тоглож эхэлсэн байв. Дунджаар 7 хоногт 2 цагийг хөгжмийн боловсролдоо зориулжээ. Харин 8 наснаас ялгарал явагдсан байна. Дэлхийн хэмжээний одод болох авьяаслаг хүүхдүүд маань 20 нас хүртлээ ойролцоогоор хөгжимтэйгөө 10 мянган цаг “ноцолдсон” байж.

Дэлхийн хэмжээний од болох оюутнуудын ялгарал нь найман наснаас эхэлжээ. 

 Харин хоёрдугаар ангиллын найрал хөгжмийн бүлэгт орох хүүхдүүд 7 мянгаас 8 мянга орчим цагийг хийл тоглоход зарцуулсан байж. Харин гурав дахь бүлгийн хүүхдүүд 4 мянгаас бага цаг зарцуулжээ. Тэднийг дунд сургуулийн хөгжмийн багш болох боломжтой гэж дүгнэсэн байна.

Дэлхийн хэмжээний од болох оюутнуудын ялгарал нь найман наснаас эхэлжээ. Тэд бусдаас шаргуу, бусдаас тууштай хичээллэсэн аж. Тэд есөн нас хүрэхдээ долоо хоногт зургаан цаг, 12 нас хүрэхдээ долоо хоногт найман цаг, 14 нас хүрэхдээ долоо хоногт 16 цагийг дунджаар хөгжмийн хичээлдээ зарцуулсан аж.

Улмаар тэд хорин насныхаа төрсөн өдөр болоход аль хэдийн 30 цагийг долоо хоног бүр, сардаа 100-гаас дээш цагийг хийл тоглоход зарцуулдаг гэсэн судалгаа гарч. Тэгж байж тэд “элит хөгжимчний англилал”-д торох юмгүй орж Эриксон болон түүний нөхөд бас нэгэн зүйлийг тогтоосон нь төрөлхийн авьяастай бөгөөд огт дадлага хийлгүй байсаар дэлхийн хэмжээний од болох магадлал хөгжимчдийн хувьд огт боломжгүйг нотолжээ.

Мөн тархи судлаач Даниел Левитиний тогтоосноор хөгжмийн зохиолчид, домогт сагсан бөмбөгийн болон хөлбөмбөгийн одод, зохиолчид, уран гулгагчид, төгөлдөр хуурчид, шатрын их мастерууд гээд амжилтад хүрсэн бүх хүмүүсийн нийтлэг нэг онцлог нь тэд 10 мянга ба түүнээс дээш цагийн бэлтгэл сургуулилт, тууштай эрмэлзлийн үр дүнд зорьсондоо хүрч байгааг тогтоожээ.

Зөвхөн үүгээр зогсохгүй мөнөөх судлаачид нэрд гарсан хөгжимчид дээр судалгаа явуулжээ. Моцартын сод туурвилууд түүнийг аль хэдийнээ хөгжмийн ертөнцөд 10 мянган цаг идэвхитэй зарцуулсны дараа төрж байж. Сэтгэл судлаач Майкл Ховегийн өгүүлснээр Моцартын хүүхэд байх үеийн зохиолууд дээр бараг л аав нь тусалж байсан.

Ялангуяа түүний эхний долоон симфони бол бусдынхаас онцын ялгараад байх сод зүйлгүй гэж. Хөгжмийн шүүмжлэгч Харолд Шонбергийнхээр бол “Моцарт зургаан настайдаа хөгжмийн ертөнцөд орсон ч оройтож хөгжсөн. Тэр хөгжмийн ерөтцөд хөл тавиад хорин жилийн дараа л сод туурвиулуудаа бүтээж эхэлсэн юм” гэж. Мөнөөх судлаачид шатрын их мастерууд дээр судалгаагаа хийжээ.

Бүх шатрын их мастерууд багаар тооцоход 10 жил зарцуулж байж их мастер цолонд  хүрдэг гэнэ.Хариин Бобби Фишер л ганцаараа энэ рекордыг эвдэж есөн жилийн дотор их мастерын болзол хангажээ. Энэ бүхнээс дүгнэж “10 мянган цаг бол гайхамшгийн төлөө хөлс урсгаж бүтээх шидэт тоо” хэмээн Малколм Галдвин Домогт Битлз хамтлаг 1964 онд АНУ-д ирэхээсээ өмнө англидаа 1,200 удаа тайзан дээр гараад үзчихсэн аль хэдийн 10 мянган цагийн дүрмээ “биелүүлчихээд” ирсэн аж.

Энэ мэтчилэн судалгаа зөвхөн хөгжмийн бус хүний нийгмийн маш олон салбарт явагджээ. Технологи, бизнес, шинжлэх ухааны болон бусад олон талбарт нэрээ гаргасан олон зуун хүмүүс дээр энэ судалгааг явуулж нэг л үр дүнд хүрсэн байна.

Энэ бол 10 мянган цаг тухайн зүйлээ хийж, туршиж, амталж, мэдэрч, өөрийн болгож, мэргэшиж байж бусдад итгэл төгс үнэлэгдэх мастер болдогийг шинжлэх ухаан тогтоожээ. Авьяасаас илүү зүтгэл жин дарж жинхэнэ оддыг бүтээдэг байх нь. Зүгээр л хөдөлмөр.

Хэдэн жилийн өмнө “Долоон залуу заан” байхаа нэг нэвтрүүлэг үзэж байсан юм. Тэр нэвтрүүлэгт нэг хэсэг Монголын ард түмнийг шуугиулж байсан заан цолтой шижигнэсэн хэдэн залуусын тухай өгүүлэв. Нэгнийх нь тухай нөгөөгөөр нь яриулсан хөрөг маягийн бүтээл байсан. А.Сүхбат аварга ярьж байна лээ, “Сумъяабазартай яг тулбал хүч бяраар барахгүй, харин ухаан сийлж, мань хүний хүлээгээгүй байсан мэхийг нь хийх тухай тактик боловсруулжээ.

Тэрээр угсраа мэх хийх дасгалаа 10 мянган удаа давтсан гэж тэрхүү нэвтрүүлэгтээ ярьж байв. Бэлтгэл хангагчийнх нь гуянаас цус шүүртэл олон мянган удаа ташаан дээр нь алгадаж тэр мэхээ сургуулилсан гэв.

Монголоос төрсөн сумогийн их аваргууд ч бас хэдэн мянгантаа сургуулилт бэлтгэл хангаж байж өдгөөх амжилтын эзэл болсон нь Төр барих ухаан ч мөн адил олон жилийн туршлага хэрэгтэй гэнэ. Төрийн албаны мэргэшсэн албан хаагч болохын тулд ойролцоогоор 10-аас дээш жил ажиллаж байж 10 мянган цагаа бүтээлчээр хангаж байх. Үүний цаана логик байна.

Өнөөдөр нэг дүйвээнээр, маргааш нэг дуулианаар биднийг удирдах “аваргууд” төрдөггүй байх нь. Аливаад мэргэшсэн байна гэдэг бол мэдээж “идэвхигүй цагийн болзол” хангах бус тэрхүү 10 мянган цагийг үр дүнтэй бүтээж байх учиртай гэнэ.

Өнөөдөр Таны зорилго тодорхой юу? Та хийж буй зүйлдээ итгэлтэй байдаг уу? Таны хийж буй зүйл танд таашаал төрүүлдэг үү? Зөв зүгт, зөв үйл хэргийн төлөө, зөв суртахуунтай явбал ямагт зөв үр дүнд хүрнэ.

/Харвардын, төрийн удирдлагын сургууль, Дэвид Герген профессорын хичээлээс 2015.10.02/

Эх сурвалж: Outliers: The story of success, Malcolm Gladwell

Бэлтгэсэн: С.Эрдэнэболд  http://www.ikon.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ