Ааруулаа ч базаж, алтан бэрээ ч гоёсон нь :Завгүй ээж

Завгүй ээж маань дугаар бүртээ л эрүүл мэндээ хайрлаж, эрүүл хоол хүнс хэрэглэхийг уриалдаг. Энэ удаа ч бас цагаан сарын бэлтгэл хийхдээ өөрийн гараар аруулаа базаж, хатаалаа. Гурил, сүү, чихэр юу хольсон нь үл мэдэгдэх ааруул авсанаас таргаа бүрээд өөрөө ааруулаа хийвэл аштай юу даа.

Тараг бүрэх, аарцаа хэрхэн шүүх гээд л бүхий л мэдээллийг өнөө цагт GOOGLE хайлтын системээс хайж, олж авч болно. Тиймээс эмээ, ээжээсээ сураагүй, хөдөөний амьдралаас хол хүүхнүүд минь хүсвэл цахим ертөнцөөс энэ тухай хайгаад, сураад аваарай.

Аарцыг дөрвөлжин нүхтэй зориулалтын уутанд хийж шар усыг нь шүүдэг.
Шар усаар нь үсээ угаавал эрт бууралтахгүй, сайхан үстэй болдог гэсэн шүү.

Аарцаа хэлбэрт оруулж, дараа нь дэлгэц буюу ааруул хатаах тавцангаа бэлдэн, ааруулаа хийж эхэлнэ.

Аарцандаа элсэн чихэр эсвэл байгалийн жимс, жимсгэнэ хольж амт оруулан хэвлэж болно. Бэлдсэн аарцаа бялууны крем хийдэг уутанд, төрөл бүрийн үзүүрээр хэвлэн хорхой ааруулаас эхлээд янз бүрийн хэлбэртэйгээр хийж болно.

Харин завгүй ээж Булган нутгийн бэр учраас нарийн утсаар зүсэж, цэвэр аарцны амтаар нь бөөрөнхий ааруул хийлээ.

3 дэлгэц ааруул хатааж 2 кг ааруултай болов. Идэхэд зөөлөн, исгэлэн амттай үнэхээр сайхан болжээ.

Нээрэн, Завгүй ээж маань алтан бэрийнхээ хүсэлтээр даашинз оёод хоёр өдрийг толгой өөд татах завгүй өнгөрөөлөө. Хурган дотортой дээлийн үс нь хувцсанд наалдаад байдаг тул сар шинийн баяраар дээлийн дотуур өмсөх даашинз хийж өгөөч гэсэн хүсэлт байсан юм.

Бөөрөнхий захтай, урт хамцуйтай, намирсан хормойтой ямартаа ч сайхан даашинз боллоо. Үгүй ер, энэ завгүй ээжид чадахгүй юм гэж байдаг болов уу???

СЭТГЭГДЭЛ БИЧИХ